Британийн нэрт жүжигчин, “Харри Поттер” киноны од Эмма Уатсон Английн Оксфорд хотод хурд хэтрүүлсний улмаас зургаан сарын хугацаанд автомашин жолоодох эрхээ алджээ.
35 настай жүжигчин бүсгүй өнгөрсөн оны долдугаар сарын 31-нд өөрийн эзэмшлийн цэнхэр Audi автомашинаар 50 км/цаг хязгаартай замаар 60 км/цагийн хурдтай явж байгаад цагдаад баригдсан байна.
Орон нутгийн шүүх өчигдөр түүнийг 1,044 фунт стерлинг (ойролцоогоор $1,400)-ийн торгууль төлүүлэх шийдвэр гаргаж, жолооны эрхийг нь хасах шийтгэл оноожээ.
Илүү сонирхолтой нь шүүх хуралдааны үеэр “Харри Поттер” цувралд тоглож байсан өөр нэг жүжигчин Зое Ванамэйкер ч мөн хурд хэтрүүлсэн хэргээр ижил шийтгэл авсан байна. Тэрээр өнгөрсөн оны наймдугаар сард Беркшир дүүрэгт 64 км/цагийн хурдны хязгаартай хэсгээр 74 км/цагийн хурдтай явж байгаад баригдсан байжээ.
Шүүхийн мэдэгдлээр, хоёр жүжигчин аль аль нь хурд хэтрүүлсэн зөрчилд орж байсан түүхтэй бөгөөд сүүлийн тохиолдол нь тус бүрийн оноог гурваар нэмэгдүүлж, Их Британийн замын хөдөлгөөний хуульд заасан дагуу жолооны эрхийг зургаан сараар хасах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Хоёр жүжигчин ижил зөрчил гаргаж, ижил шийтгэл хүлээсэн нь сонирхолтой давхцал болж, олон нийтийн анхаарлыг татаж байна. Эмма Уатсон “Харри Поттер” цувралын бүх найман ангид Хермайн Грэнжерийн дүрийг бүтээж алдаршсан бөгөөд сүүлд “Beauty and the Beast”, “Little Women” зэрэг нэр хүндтэй бүтээлүүдэд тоглосон юм.