Японы Хоккайдо мужийн Акан хотноо энэ сарын 24-27-нд болсон Олон улсын хэл хуурчдын X их наадамд дэлхийн 50 гаруй орны шилдэг уран бүтээлчид оролцож, өөр өөрийн улсын уламжлалт хөгжмийн өв, соёлыг дэлхийн тайзнаа таниуллаа.
Монголын төлөөлөгчид өндөр үнэлгээ хүртэв
Монгол Улсаас Монгол угсаатан хэл хуурчдын холбооны есөн өвлөн уламжлагч оролцож, уламжлалт хэл хуурын татлага, ая тоглолтоо толилуулсан байна. Тэдний уран бүтээлийг олон улсын шүүгчид болон нэрт хэл хуурчид өндөр үнэлж, Монголын хөгжмийн өв, соёлын үнэ цэнийг дэлхийн түвшинд сурталчилжээ.
Дараагийн наадмуудыг Киргиз ба Монгол Улсад зохион байгуулна
Наадмын төгсгөлд XI их наадмыг Киргиз Улсад, харин XII их наадмыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь Монголын уламжлалт хөгжмийн урлагийг олон улсын тавцанд баттай байршуулах чухал алхам боллоо.
Монгол төлөөлөгч олон улсын байгууллагад сонгогдов
Мөн наадмын үеэр Монгол угсаатан хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч Б.Нарандэлгэр нь Олон улсын хэл хуурчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүнээр албан ёсоор томилогдсон байна.
Монгол дахь хэл хуурчдын II чуулган болно
Ташрамд дурдахад, Монгол угсаатан хэл хуурчдын холбооноос хэл хуурчдын II чуулганыг энэ оны 11 дүгээр сарын 11-нд Улаанбаатарт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь үндэсний хөгжмийн өв соёлыг залуу үед уламжлуулах зорилготой юм.