Нүүр хуудас Фешн ба стильХиймэл модель нийтэлсэн Vogue олны дургүйцэлд өртлөө

Хиймэл модель нийтэлсэн Vogue олны дургүйцэлд өртлөө

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Vogue сэтгүүл хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн загвар өмсөгчийн зургийг анх удаа нийтэлж, олон нийтийн хурц шүүмжлэлтэй тулгараад байна. Харахад жинхэнэ хүн шиг боловч зурагт “Моделийг хиймэл оюун ухаанаар бүтээв” гэсэн тодотголтой байжээ.

Уг зураг нь Guess брэндийн зуны коллекцийн сурталчилгааны нэг хэсэг бөгөөд маркетингийн Seraphinne Vallora компани хиймэл оюун ухаанаар боловсруулсан байна. Vogue сэтгүүлээс уг зураг нийтлэгдэх нь редакцийн шийдвэр биш байсан гэдгийг онцлон мэдэгдэв. Гэвч загварын салбарт хиймэл оюун ашиглах нь бодит загвар өмсөгчдийн ажлын байрыг багасгаж, бодит бус гоо сайхны стандарт тогтоох аюултай гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

Тухайн хиймэл “модель” нь бор болон шаргал үстэй, цэцгэн хээтэй макси даашинз өмссөн бөгөөд өөгүй төгс төрхтэй харагдаж байв. Энэ нь олон нийтэд гоо сайхны төгс ойлголтыг дахин тулгаж, нийгмийн хүлээлт болон сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж болзошгүй талаар маргаан дэгдээжээ.

Уг хиймэл моделийг бүтээсэн Seraphinne Vallora компанийн үүсгэн байгуулагч Валентина Гонзалес болон Андреа Петреску нарын ярьснаар Guess брэндийн үүсгэн байгуулагч Пол Марчиано тэдэнтэй инстаграмаар холбогдож, хиймэл загвар бүтээх хүсэлт тавьсан байна. Тэд анх 10 өөр загвар боловсруулж, бор болон шаргал үстэй хоёр модель сонгогдсоны дараа цааш нарийн хөгжүүлжээ.

Гонзалес хиймэл оюунаар зураг бүтээх нь энгийн мэт боловч маш нарийн төвөгтэй үйл явц гэдгийг онцолж, түүний баг таван ажилтантай, харин нэг загварыг санаанаас бэлэн бүтээгдэхүүн болгоход бүтэн сарын хугацаа зарцуулдгийг хэлсэн байна. Guess зэрэг томоохон үйлчлүүлэгчдээс тэд 100,000 ам.доллар хүртэл хөлс авдаг гэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх