Хөгжөөн дэмжигч гэдэг ойлголт олон хүний хувьд зөвхөн эмэгтэйчүүдтэй холбогддог хэвшмэл ойлголт байсаар ирсэн. Гэвч Японы нийслэл Токио хотод энэ ойлголтыг үгүйсгэсэн нэгэн өвөрмөц хамтлаг гарч иржээ.
Энэ бол “Cheer Re-Man’s” нэртэй 30 залуугаас бүрдэх хөгжөөн дэмжигчдийн баг. “Cheerleading” (хөгжөөн дэмжих) болон “Salaryman” (албан хаагч) гэдэг үгсийн нийлбэр нэртэй энэ хамтлаг 2023 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гишүүдийн ихэнх нь Васэда их сургуулийн эрэгтэй хөгжөөн дэмжигчдийн багийн хуучин гишүүд байдаг.
Одоогоор тэд бүгд ажлын өдрүүдэд үл хөдлөх хөрөнгийн борлуулагч, маркетингийн менежер зэрэг энгийн оффисын ажил хийдэг. Харин амралтын өдрүүдээр өглөө бүр цугларч, хөгжөөн дэмжигчийн бэлтгэл хийдэг нь тэдний онцлог. Түүнчлэн сонирхолтой нь тэд бүжиг болон акробатын үзүүлбэрээ ажлын хослолоо өмссөн чигээрээ үзүүлдэг. Тэдний уян хатан, спортлог хөдөлгөөнөөс санаа авч, “Uniqlo” компани ч хослолынхаа уян суналт, загварыг сурталчилжээ.
Cheer Re-Man’s хамтлаг зөвхөн бүжиглээд зогсохгүй, худалдааны төв, нийтийн газраар сайн дурын үзүүлбэр хийж, хүмүүсийг гайхшруулж, урам зориг өгдөг. Үзүүлбэр нь хүнд акробат элементүүдээр баялаг бөгөөд долоон метр хүртэл өндөрт үсэрч, төгс зохицсон хөдөлгөөнөөрөө олны анхаарлыг татдаг.
Энэхүү хамтлаг нь олон улсын тайзнаа ч амжилт гаргажээ. Тэд “Авьяаслаг британичууд” шоунд оролцож, хагас финалд гуравдугаар байрт шалгарсан байна.
Хамтлагийн тоглолтыг үзсэн 61 настай эмэгтэй сэтгэгдэлдээ:
“Өнөөдөр япончууд маш их зүйл үзэж туулж байна. Албан хаагч залуус бууж өгөлгүй маш ихийг хийж буй нь сэтгэл хөдөлгөж байна. Үнэхээр урам зориг авч байна” хэмээн онцолжээ.
Хөгжөөн дэмжигчийн бүжиг зөвхөн охидын хийдэг зүйл биш гэдгийг Cheer Re-Man’s залуус биечлэн харуулж, бие махбод, сэтгэл зүйд эерэг нөлөөтэй спорт соёлыг шинэ түвшинд хүргэж байна.
