Киргизстаны нийслэл Бишкек хотноо зохиогдсон хүүхдийн ардын урлагийн олон улсын «Наристэ» фестивальд Монгол Улсын төлөөлөл болсон “Хөх толботон” хамтлаг амжилттай оролцлоо.
Уг хамтлаг нь Баянзүрх дүүргийн Соёлын ордны бүжгийн чуулгад харьяалагддаг бөгөөд тэд 2025 оны тавдугаар сарын 31-нд болсон фестивалийн нээлтийн үйл ажиллагаа болон зургадугаар сарын 1-нд тохиосон Хүүхдийн баярын парад жагсаалд идэвхтэй оролцсон байна.
Түүнчлэн, 10,000 гаруй үзэгч цугласан баярын концертоор тэд Гавьяат жүжигчин А.Даваахүүгийн дэглэсэн “Морьд эргэлээ” бүжгийг тайзнаа амилуулжээ. Энэхүү тоглолт нь олон улсын тавцанд монгол ардын урлагийн өв, өвөрмөц өнгө төрхийг гайхуулсан чухал үйл явдал боллоо.


