Гудамжны танхайгаас эхлээд сэтгэл зүйч, маньяк алуурчны дүрийг гайхалтайгаар амилуулж чаддаг жүжигчин Том Харди өнөөдөр 48 насны ойгоо тэмдэглэж байна. Тэрбээр 1977 оны есдүгээр сарын 15-нд Лондонгийн Хаммерсмит дүүрэгт зохиолч аав, зураач ээжийн гэр бүлд төржээ.
Хүүхэд насны сорилт
Хэдийгээр чинээлэг гэр бүлд өссөн ч Харди багаасаа сахилгагүй, зөрүүд хүүхэд байв. Сургуульд нь цагдаа ирж, цавуу үнэрлэхийн хор хөнөөлийн талаар лекц уншиж байх үед бусад хүүхдүүдэд сэрэмжлүүлэг болсон бол Харди харин “Цавуу хаанаас авах вэ?” гэж бодсон гэдэг. Тэрээр 13 нас хүрэхэдээ мансууруулах бодисын хэрэглэгч болж, өсвөр нас нь архи, хар тамхи дунд өнгөрчээ.
2003 онд түүнийг амь наана тамын ирмэгт авчирсан хэрэг явдал тохиолдсон бөгөөд цусанд хутгалдсан байдалтай олдсоноос хойш амьдралаа өөрчлөхөөр шийдсэн. Тэрээр эмчилгээ хийлгэж, спортоор хичээллэн, амьдралаа шинээр эхлүүлсэн байна. Хардигийн өөрийн хэлснээр:
“Би үхээд дахин төрсөн. Тэр үед намайг аварсан зүйл бол тайз байсан. Би ганц хүүхэд учраас гэр бүлийнхэн минь надаар бахархахыг хүссэн. Тайз бол надад яг тохирсон газар байлаа.”
Карьерын оргил үе
Харди “Bronson”, “The Revenant”, “Mad Max: Fury Road”, “Venom” зэрэг олон алдартай бүтээлээрээ нэрд гарсан. Тэрээр “The Dark Knight Rises” кинонд Бэйний дүрийг бүтээсэн ч өөрийгөө түрэмгий хүн биш гэж тодорхойлсон удаатай:
“Би ‘The Dark Knight Rises’-ийн Бэйн биш. Жинхэнэ амьдрал дээр би түрэмгий хүн биш. Гэхдээ хүмүүс яагаад надаас айдгийг ойлгож байна.”
Дүрүүдтэйгээ харьцах нь
Харди ихэвчлэн сөрөг дүр бүтээдэг бөгөөд дүрүүдээ хэрхэн хүлээж авдгийг асуухад “Айдаг” гэж товчхон хариулсан. Учир нь тэр бодит амьдрал дээр ийм хүмүүстэй тулгарч байсан тул өөрийгөө ч дүр нь айлгадаг гэжээ.
Хувийн түүх ба өвөрмөц авьяас
Хардигийн амьдралд олон хар толбо бий ч тэр тэдгээрийг нуух гэж оролддоггүй. Харин ч өнгөрсөн туршлагаа урлагийн бүтээлдээ ашиглан үзэгчдийг өөртөө татдаг. Энгийн хөршийн залуугийн дүрээс эхлээд үзэгчдийг жигшээхүйц маньяк хүртэл ямар ч дүрийг итгэлтэйгээр бүтээдэг нь түүний авьяасын жинхэнэ нотолгоо юм.