Өнөөдөр Ховд аймагт зохион байгуулагдаж буй Олон улсын хөөмийн наадмын шилдэг оролцогчид тодрох бөгөөд орой 17:00 цагт хөөмийн шилдэг үзүүлбэрээр нэгдсэн тоглолт хийхээр төлөвлөж байна. Энэ арга хэмжээ нь монгол хөөмийн урлаг-ийг сурталчлах, өвлүүлэн хөгжүүлэх, хадгалан хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Хөөмийн зургаадугаар наадам энэ сарын 2-4-ний өдрүүдэд Ховд аймгийн төвд зохион байгуулагдаж байна. Наадмын эхэнд «Монгол хөөмийн урлаг» сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан бөгөөд дараа нь гоцлол, хамтлаг, хүүхдийн гоцлол болон орчин үеийн үзүүлбэр гэсэн дөрвөн төрлөөр үндсэн шалгаруулалт явагдаж, гадаад, дотоодын 70 гаруй хөөмийч авьяас, ур чадвараа сорьжээ.
Одоогоор хамтлаг болон орчин үеийн үзүүлбэрийн шалгаруулалт үргэлжилж байгаа бөгөөд шилдэг оролцогчдыг өнөөдөр тодруулж, шагнахаар болсон байна. Улмаар шилдэг оролцогч болон нэр бүхий уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг Ховд аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулах гэж байна.