Нүүр хуудас Үйл явдал ба зарХүй долоо худагт нийслэлийн иргэдийн баяр гурван өдөр үргэлжилнэ

Хүй долоо худагт нийслэлийн иргэдийн баяр гурван өдөр үргэлжилнэ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

“Даншиг наадам – Хүрээ цам 2025” нэртэй шашин, соёлын өвийг сурталчлах томоохон арга хэмжээг энэ зун зургаадугаар сарын 27-29-ны өдрүүдэд Хүй долоо худагт зохион байгуулахаар болжээ.

Энэхүү наадам нь энэ жилээс эхлэн нийслэлийн иргэдэд зориулагдсан баяр хэлбэрээр анх удаа тэмдэглэгдэх бөгөөд Улаанбаатар хотын тахилгын дөрвөн хайрхан болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх уулсыг тахих ёслолоор эхэлнэ. Ёслолын үеэр хотын сүм хийдүүдийн лам хуврагууд цан хэнгэргээ дэлдэж, ном хурж, нийтийн сайн сайхны төлөө буянт үйл ажиллагаа өрнүүлнэ.

Шашин, соёлын баялаг үзүүлбэрүүд

Наадмын өдрүүдэд дараах уламжлалт болон шашны арга хэмжээнүүд болох юм:

  • Лам нарын мэтгэлцээн, ном хаялцах тэмцээн
  • Балин тосон урлалын уралдаан
  • Даншиг цуваа, Сүнчэ айлдвар, Очирваань тахилга
  • Цам харайх, соёмбот туг залж, сүлд дуулал эгшиглүүлэх

Мөн Чингис хааны санд хүндэтгэл үзүүлж, сор залах зэрэг үндэсний уламжлалт ёслол, зан үйлүүд өрнөнө.

Үндэсний спорт, урлаг соёл нэг дор

Наадмын хүрээнд дараах уралдаан, үзүүлбэрүүд зохиогдоно:

  • Хүчит бөхийн барилдаан
  • Хурдан болон жороо морьдын уралдаан
  • Сээр цохих, шагай болон сур харваа
  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа
  • Улаанбаатар хотын түүхийн гэрэл зургийн үзэсгэлэн
  • Монгол үндэсний хувцасны загварын тоглолт
  • Ардын авьяастнуудын тоглолт (есөн дүүргээс)
  • Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээл

Даншиг наадмын түүхэн ач холбогдол

Даншиг наадам анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг анхдугаар Богд Жавзандамба хутагтаар өргөмжлөх үед үүссэн бөгөөд буддын шашин, соёлын хамгийн том арга хэмжээний нэгт тооцогддог. Даншигт багтах цамын бүжиг нь бурхны шашны таван ухааны нэг болох бүжиглэлийн ухааны илэрхийлэл бөгөөд гүн утга агуулгатай, бясалгалын илэрхийлэл болдог.

Цамын үеэр Очирваань бурхан, Цагаан өвгөн, дөрвөн хайрхны эзэд (хангарьд, гахай, нохой, хөх өвгөн) зэрэг 120 гаруй цамчин янз бүрийн дүрд хувиран, нарийн хийц бүхий маск, хувцас, гоёл чимэглэлээр гоёно. Тэд биеийн хөдөлгөөн, илэрхийлэл, дотоод ухаарлыг нэгтгэсэн байдлаар хортон зэтгэрийг номхотгох, устгах утгыг цам дэглэлтээр харуулна.


Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

You may also like

Сэтгэгдэл үлдээх