П.И.Чайковскийн сонгодог бүтээл Улаанбаатарт дахин гэрэлдэх нь
П.И.Чайковскийн алдарт «Хунт нуур» балетыг Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 2025 оны 10-р сарын 24, 25-ны өдрүүдэд дахин тоглохээр төлөвлөжээ.
Цомнол: В.И.Бегпчев, В.Ф.Гельцер Балетмейстер: ХБ, ТШ, МУАЖ Б.Жамъяндагва Ерөнхий зураач: МУАЗ Ч.Гунгаасүх
Дэлхийн сонгодог балетын оргил – «Хунт нуурын» түүх
Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский амьдралдаа «Щелкунчик», «Нойрссон гүнж», «Хунт нуур» гэсэн гурван балет бүтээсэн байдаг. Эдгээрээс «Хунт нуур» балет дэлхийн сонгодог балетын оргилын бүтээл гэж тооцогддог. Учир нь энэ балетад оролцсон бүжигчид академизмын буюу сонгодог арга барилтай жинхэнэ балетын жүжигчин болж чаддаг юм.
П.И.Чайковский «Хунт нуур» балетыг анх 1877 оны 3-7-ны өдрүүдэд Москвагийн Их театрт тоглуулжээ. Тус бүтээлийг зохиолч өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан «Озера лебедей» нэртэй нэг үзэгдэлтэйгээр бүтээсэн байдаг. Гэвч энэ бүтээл хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагийн үзэгчдийн таашаал, хүндлэлийг хүлээсэн дэлхийн алдартай бүтээл болж хөгжсөн байна.
Дэлхийн тайзнаа хэдэн мянган удаа тоглогдсон сонгодог
«Хунт нуур» балет сонгодог урлагийг үнэлдэг бүх улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин дурсамж, хамгийн эрхэмсэг бүтээл болсон юм. Тэр дундаа Одетта-Одиллиагийн дүр нь эмэгтэй бүжигчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог. «Хунт нуур» нь «балет» гэсэн төрлийг төлөөлөхөд хангалттай өндөр алдарт хүрсэн билээ.
Монголын дуурийн театрын тайзнаа анхны тоглолт
«Хунт нуур» балет манай Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, балетмейстер АЖ, ТШ, ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх удаа тоглогдож байсан түүхтэй. Хамгийн анхны Одетта, Одиллиагийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байв.