Нүүр хуудас БоловсролХүрэл урлагийн амьтай өгүүлэмж: “Журааны ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Хүрэл урлагийн амьтай өгүүлэмж: “Журааны ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийлээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Монголын чөлөөт уран бүтээлч, Монгол Урчуудын эвлэлийн шагналт Н.Лхагвасүрэнгийн анхны бие даасан уран баримлын үзэсгэлэн болох “Журааны ертөнц” өнгөрсөн бямба гарагт буюу 2025 оны 6-р сарын 28-нд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ.

Нээлтийн үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр “Н.Лхагвасүрэн бол зөвхөн бүтээл туурвигч биш, харин ч нүүдэлчин монголчуудын ой санамж, өв уламжлалыг шинэлэг хэлээр өгүүлж буй орчин цагийн оюун санааны нүүдэлчин” хэмээн онцолсон нь уран бүтээлчийн чиг баримжаа, сэтгэлгээний гүн гүнзгий цар хүрээг илтгэж байв.

Н.Лхагвасүрэн бүтээлүүдээ долоон жилийн турш хүрэл цутгуурын аргаар бүтээсэн бөгөөд энэ хугацаанд тэрээр уран баримлын урлагт өөрийгөө бүрэн зориулжээ. Түүний хэлснээр, анхны бүтээлийн санаа Чико нэртэй нохойгоо ажиглаж суухдаа төрсөн бөгөөд тэр цагаас хойш баримлын урлагт эргэлт буцалтгүй орсон байна. “Баримал бол зүрх сэтгэлийг минь авсан урлаг. Үргэлж тэсвэр тэвчээр, их хугацаа, хөрөнгө шаарддаг ч би дараагийн бүтээлүүд рүүгээ хэдийнэ орчихсон байна” хэмээн тэрээр нээлтийн үеэр сэтгэгдлээ хуваалцжээ.

“Журааны ертөнц” гэх нэрний тухайд онцгой, гадаад уран санааг агуулаагүй бөгөөд түүнийг багадаа гэрийнхэн нь “Жураа” хэмээн дууддаг байсантай холбоотой аж. Энэ нь үзэсгэлэнгийн агуулга хэрхэн хувь хүний дурсамж, сэтгэлзүйн гүн рүү чиглэж байгааг илтгэх онцлог билээ.

Үзэсгэлэнг “Айлаас эрэхээр авдраа уудал” үндэсний уран бүтээлчдийг дэмжих төслийн хамт олон дэмжин ажилласан бөгөөд энэ нь тус албан бус нэгдлийнхний хувьд мөн анхны томоохон ажил нь болж байгаа юм.

“Журааны ертөнц” үзэсгэлэн нь 2025 оны 7-р сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.

You may also like

Сэтгэгдэл үлдээх