Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Улаанбаатар биенналь 2025” олон улсын соёл, урлагийн цогц арга хэмжээний хүрээнд дизайнеруудын хамтарсан “Metamorphosis” буюу “Хувьсахуй” нэртэй үзэсгэлэн зургадугаар сарын 10-нд “A space” үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
Дэлхийн 29 орны 300 орчим оролцогч, 22 багц хөтөлбөр бүхий уг биенналь нь зургадугаар сарын 6-20-ны хооронд, 15 хоногийн турш үргэлжилж, урлаг, соёлын олон салбарыг хамарч буйгаараа онцлог юм.
“Хувьсахуй” үзэсгэлэнгийн куратороор Монголын нэрт загвар зохион бүтээгч, “Ариунаа Сүри” брэндийн үүсгэн байгуулагч С.Ариунаа ажилласан бөгөөд түүний үзэл баримтлал нь уран сайхны сэтгэлгээ, уламжлал, орчин үеийн дизайнерын хэлний огтлолцлыг шингээсэн бүтээлүүдээр дамжин илэрхийлэгдсэн байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын үйлдвэрлэл, урлагийн хэлтсийн дарга Ч.Батчимэг, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл нар оролцжээ.
Үзэсгэлэнгийн гол онцлох бүтээлүүдийн нэг нь “Бажуна” брэндийн үүсгэн байгуулагч Б.Батсүхийн “Бясалгалын гэр ба эсгий урлал” инстоляц бөгөөд монгол ахуйн үндэс угсаатай уламжлалт хэлбэрийг орчин үеийн илэрхийлэлтэй уусган харуулсан байна. Мөн А.Очирболд, С.Ариунаа нарын хамтран бүтээсэн “Ухамсар” нэртэй холимог техникийн инстоляци нь үзэгчдийг сэтгэлгээ, мэдрэмж, танин мэдэхүйн түвшинд хөтөлнө.
“Metamorphosis” үзэсгэлэн нь:
- Гэрэл зураг
- Хувцас загвар
- Бүтээгдэхүүн дизайн
- Хэвлэлийн дизайн
гэсэн олон чиглэлийг нэгтгэсэн бүтээлүүдийг багтаасан бөгөөд эдгээрийг даавуу, арьсан дээр коллаж хэлбэрээр хэвлэж, өвөрмөц дүрслэл, хээ чимэглэл, орон зайн шийдлээр бүтээжээ. Монгол түүхэн өв, уламжлалт соёлыг орчин үеийн уран бүтээлийн хэлээр хөрвүүлэн, үзэгчдэд амьд орон зайд мэдрүүлэх зорилго бүхий энэхүү үзэсгэлэн нь шинэ санаа, сэтгэлгээний тэсрэлтийг илэрхийлсэн байна.






