Монголын хип хопын амьд домог “Ice Top” хамтлаг АНУ-ын алдарт “Onyx” хамтлагтай хамтран наймдугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Шүтээн минь” нэртэй тоглолтоо зохион байгуулахаар болжээ. Энэ өдөр нь Аавуудын баярын өдөртэй давхцаж байгаагаараа онцлог бөгөөд хоёр орны хип хоп соёлын уран бүтээлчдийн хамтарсан томоохон арга хэмжээ болох юм.
Ice Top хамтлагийн гишүүн С.Чулуунбаатар (Kobe) тоглолтын талаарх сэтгэгдлээ хуваалцахдаа: “Манай тоглолтын найруулагчаар Skin энтертайнментын Б.Анар ажиллаж байна. Бид хоёрдугаар сараас бэлтгэлээ эхэлсэн. Энэ тоглолтод зориулж шинэхэн уран бүтээл туурвиж байна. Мөн Onyx хамтлагтай хамтарсан шинэ дууны бичлэгийг ч хийхээр төлөвлөсөн. Тэд наймдугаар сарын 2-нд Монголд ирж, ирмэгцээ клипний зураг авалтдаа орох бөгөөд дуу маань долоо хоногийн дотор цацагдана” хэмээн онцоллоо.
Ice Top хамтлагийн зүгээс энэхүү тоглолтод 25 орчим дуугаа толилуулах бөгөөд өмнө нь амьд тоглолтоор хүргэж байгаагүй бүтээлүүд ч сонсогчдын хүртээл болох юм. Onyx хамтлаг ч мөн адил өөрсдийн 25 дууны жагсаалтыг илгээсэн бөгөөд Монголын үзэгчдэд зориулсан тусгай хөтөлбөртэйгээр оролцох юм.
Тоглолтын хамтын ажиллагааны санаа нь 2024 оны нэгдүгээр сард тавигдсан бөгөөд хоёр хамтлаг олон талаар ижил төстэй хэв маягтай гэдгээрээ зохион байгуулагчдын анхаарлыг татсан байна. Урт хугацааны хэлэлцээний үр дүнд Америкийн домогт хамтлаг Монголд ирэх товтой болоод байгаа нь хип хоп сонирхогчдод ховор боломжийг олгож байна.
Onyx хамтлагийн албан ёсны цахим хуудсанд Улаанбаатарт болох тоглолтын хуваарь нийтлэгдсэн бөгөөд тоглолтын дараа тэд Их Британийн Лондон хотод аялан тоглолтоо үргэлжлүүлэх юм байна.
