Нүүр хуудас Нийгэм ба ярилцлага«Их хуралдай» түүхэн аялал жуулчлалын цогцолбор нээгдлээ

«Их хуралдай» түүхэн аялал жуулчлалын цогцолбор нээгдлээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Хэнтий аймгийн Биндэр суманд орших Монгол төрийн «Их Хуралдай» орд өргөөг 2025 оны 6-р сарын 22-нд албан ёсоор нээлээ.

Энэхүү түүхэн газар нь Их эзэн Чингис хаан хан цолонд өргөмжлөгдсөн, анхны Их хуралдай хурж, Их Монгол Улсын гал голомтыг бадраасан түүхэн дурсгалт газар бөгөөд Монголын түүхэнд өндөр ач холбогдолтой.

Цогцолборын барилгад Чингис хааны байгуулсан төрийн сүлд шүтээн болох есөн хөлт Цагаан туг, Их хааны ургийн наран тамга, Гүег хааны тамганы дардас, Их Хуралдай хуралдах үед хаад, язгууртнуудын ордонд суух дэг ёсыг илэрхийлсэн олон төрлийн зохиомж бүхий исэр сандал, туг хиур, хүндэтгэлийн орон зайг тусгажээ. Түүнчлэн хаалга бүрт «Монголын нууц товчоо», «Шар тууж», «Асрагч нэртийн түүх» зэрэг түүхэн эх сурвалжийн эшлэлүүдийг монгол бичгээр бичиж, цогцолборт нэг ч хадаас ашиглалгүй, углуургадаж бүтээсэн байна. Үндэсний болон орчин үеийн шийдлийг хослуулсан бүтээн байгуулалттай энэхүү цогцолбор нь түүх, соёлын өвийг хадгалан ирээдүйд шинэ хандлага үүсгэх зорилготой.

Гол өргөө нь 21 метрийн диаметртэй, 21 метрийн өндөртэй, 9 шаттай цагаан өргөө бөгөөд үүд хаалгыг монгол нутагт ургасан шинэс модоор хийж, мөнх оршихын бэлгэдэл болгон чимэглэжээ.

Их Хуралдай цогцолборыг түүхэн сурвалж бичиг, эрдэмтэн судлаачдын бүтээлд тулгуурлан, Засгийн газрын шийдвэрээр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт орших Онон Хурхын бэлчирт, байгалийн унаган төрх, газар зүйн онцлогт тохирсон Цагаан нуурын ойролцоо бүтээсэн байна.

Цогцолборын барилгын ажилд «Мөнх-Өргөө» компани, барилгын интерьер, дотоод уран сийлбэр шинэчлэл, гадна цахилгаан хангамжийг «Хангайн цагаан чулуу» компани, барилгын зоорины ажил, гадна тохижилт, шугам сүлжээг «Нутгийн баруун мод» компани хамтран гүйцэтгэсэн.

Зүүн бүсийн түүхэн аялал жуулчлалын хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулах «Их Хуралдай» цогцолборын нээлтэд «Чингис хаан» үндэсний музейн удирдлагууд, Хэнтий аймаг, Биндэр сумын албаны төлөөлөл, нутгийн иргэд оролцсон тухай «Чингис хаан» үндэсний музей мэдээлэв.

You may also like

Сэтгэгдэл үлдээх