Монголын дуурийн урлагийн нэрийн хуудас болсон, Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн алдарт «Tomassi» компанийн “Amarone” дарсны нүүр царайгаар сонгогдсон тухай мэдээлэл олон улсын урлагийн хүрээлэлд анхаарал татаж байна.
Саяхан “Opera World” цахим хуудаснаас гаргасан дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтад тэрбээр дөрөвдүгээрт бичигдэж, шилдэг тавд багтсан нь энэхүү онцгой амжилтын суурь болсон гэж үзэж болно.
Энэхүү нэр хүндтэй хамтын ажиллагааны зэрэгцээ, Э.Амартүвшин энэ жил Италийн алдарт дуурийн наадам болох “Арена Ди Верона”-гийн 102 дахь улирлын тоглолтод оролцохоор болж, Ж.Вердийн “Набукко” дууриар нээлтийн тоглолтоо хийх юм. Түүнчлэн тэрбээр дараах дуурийн бүтээлүүдэд дараах хуваариар оролцохоор төлөвлөжээ:
- “Набукко” – 7 удаа
- “Реголетто” – 2 удаа
- “Аида” – 5 удаа
- “Травиата” – 3 удаа
2004-2009 онд Соёл урлагийн их сургуульд Гавьяат жүжигчин Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцсан тэрбээр 2009 оноос Дуурь, бүжгийн эрдмийн театрт уран бүтээлээ эхлүүлсэн. Энэ хугацаанд олон улсын нэр хүндтэй уралдаан тэмцээнүүдэд дараах амжилтуудыг гаргажээ:
- 2011 – П.И.Чайковскийн нэрэмжит XIV олон улсын уралдаан (Санкт-Петербург, ОХУ): II байр, үзэгчдийн нэрэмжит шагнал
- 2012 – Плачидо Домингогийн олон улсын дуурийн дуучдын уралдаан (Бээжин, БНХАУ): I байр
- 2013 – Франциско Винасын нэрэмжит 50 дахь уралдаан (Барселон, Испани): II байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучин, тусгай шагнал
- 2015 – “BBC Cardiff Singer of the World” тэмцээн: үзэгчдийн нэрэмжит шагнал
- 2016 – “Seoul International Music Competition”: III байр
Эдгээр амжилтаараа Э.Амартүвшин зөвхөн Монголын төдийгүй дэлхийн сонгодог урлагт үнэтэй хувь нэмэр оруулж буйг харуулж байна. Тэрбээр 2011 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, 2022 онд Ардын жүжигчин цол хүртсэн.
“Tomassi” компанийн зүгээс Э.Амартүвшинг урлагт оруулсан хувь нэмэр, дэлхийн тайзнаа үзүүлж буй өндөр түвшний ур чадвараар нь үнэлэн “Amarone” дарсны нүүр царай болгохоор сонгосон нь түүний олон улсын нэр хүндийг улам бататгалаа.
