БНСУ-ын алдарт HYBE энтертайнмент агентлаг 2025 оны намар Энэтхэг улсад шинэ салбараа албан ёсоор нээхээр ажиллаж байна. Энэхүү өргөжилт нь 1.4 тэрбум хүн амтай, хөгжмийн баялаг уламжлал бүхий зах зээлд K-pop урлагийг хүчтэй нэвтрүүлэх зорилготой юм. HYBE-ийн тэргүүн Бан Ши Хёк “К-поп хөгжмийг бид ямар ч улсын зах зээлд нэвтрүүлж чаддаг байх ёстой” хэмээн мэдэгдэж, энэхүү алхам нь тэдний дэлхийд хүрэх стратегийн нэг хэсэг гэдгийг тодотгосон билээ.
Одоогоор тус агентлаг Энэтхэгийн соёл, хууль эрх зүй, зах зээлийн онцлогийг гүнзгий судалж, шаардлагатай зөвшөөрөл, зохицуулалтын асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарч байна. Үүний дараа K-pop сургалт, уран бүтээлийн маркетингийг системтэйгээр нэвтрүүлэхээр төлөвлөжээ. HYBE нь өмнө нь АНУ, Мексик зэрэг томоохон зах зээлд амжилттай ажиллаж байсан туршлагатай учраас энэхүү шинэ төслийнхөө амжилтад өндөр найдлага тавьж байна.
K-pop бол хэдийн дэлхий дахинд хүчтэй тархсан, үндэсний соёлоос давсан урлагийн үзэгдэл. Харин Энэтхэг нь өөрийн гэсэн асар том хөгжмийн, киноны ертөнц болох Болливудтай. Болливуд нь зөвхөн Энэтхэгт төдийгүй дэлхийд сая сая үзэгч, сонсогчдод нөлөөлдөг томоохон соёлын хүч юм. Тэгвэл K-pop болон Болливуд хоёрын нэгдэл ямар үр дүнд хүргэх бол?
Энэхүү хослол нь шинэ төрлийн хөгжмийн урсгал, хамтарсан уран бүтээл, кино, контентын асар их боломжийг нээж өгч магадгүй. Ази тивийн хоёр том соёлын төв нийлбэл зөвхөн хөгжмийн салбарт бус, дэлхийн соёлын олон чиглэлд нөлөө үзүүлэх хэмжээний шинэ давалгааг үүсгэж ч чадна.