K-pop урсгал нь хамтлагуудаар дамжин дэлхийд нэрд гарсан ч сүүлийн жилүүдэд соло уран бүтээлчид өөрсдийн өвөрмөц хэв маяг, авьяас чадвараараа хүч түрэн гарч ирсээр байна. Амжилттай дебют, шинэ дууны хит, хувийн онцлог харизм зэрэг нь тэднийг олон сая шүтэн бишрэгчтэй болгож, YouTube зэрэг платформ дээр тэрбум гаруй үзэлттэй болсон тохиолдлууд ч цөөнгүй. Тэдний дундаас хамгийн алдартай таван K-pop соло бүтээлийг онцолж байна.
2012 онд PSY-ийн “GANGNAM STYLE” гарч ирснээр K-pop урсгал дэлхий дахинд тэсрэлт хийсэн. Морь унах бүжгээрээ домог болсон энэ дуу нь YouTube-ийн 1 тэрбум үзэлт давсан анхны бичлэг болж түүхэнд бичигдсэн. Өнөөдөр нийт 5.5 тэрбум удаа үзсэн энэ бүтээл K-pop-ийн хамгийн их хандалттай соло дуу хэвээр байна.
PSY 2013 онд “GENTLEMAN” дуугаараа эргэн ирэхэд ч фэнүүдийн анхаарал суларсангүй. “GANGNAM STYLE”-тай харьцуулахад хандалт бага байсан ч 1.68 тэрбум удаа үзэгдсэн энэхүү хөгжилтэй, хошин өнгө аяс бүхий дуу нь PSY-ийн онцгой имижийг бататгасан уран бүтээл болжээ.
BLACKPINK-ийн Rosé 2024 онд Bruno Mars-тай хамтарсан “APT.” дуугаараа соло уран бүтээлчийн хувьд хүчтэй тэсрэлт хийсэн. Ердөө зургаан сарын дотор 1.62 тэрбум үзэлт авч, хамгийн хурдан 1 тэрбум үзэлттэй болсон K-pop соло бүтээлүүдийн нэгээр нэрлэгдсэн. Түүний дууны энгийн хэрнээ сэтгэлд хүрсэн аялгуу, дүрслэл бүхий клип үзэгчдийн сэтгэлийг ихээхэн татсан.
BLACKPINK-ийн өөр нэг гишүүн Lisa 2021 онд гаргасан “MONEY” хэмээх дуугаараа цахим ертөнцөд шуугиан тарьсан. “LALISA” цомгийн хоёр дахь дуу байсан ч “MONEY” нь 1.1 тэрбум үзэлттэй болон жинхэнэ хит болж чадсан. Хип-хоп өнгө аяс, өвөрмөц бүжиг, хүчирхэг дүр төрхөөрөө Lisa нь соло уран бүтээлчийн хувьд амжилтаа баталсан юм.
Мөн BLACKPINK-ийн хамгийн анхны соло уран бүтээл болох Jennie-ийн “SOLO” дуу 2018 онд цацагдаж байв. Тухайн үед Jennie нь хамтлагаасаа анхлан соло болж, 1 тэрбум үзэлт авч чадсан цөөн эмэгтэй K-pop дуучдын нэг болж байсан. Түүний нэр, имижтэй холбогдсон энэхүү уран бүтээл нь одоог хүртэл K-pop-ийн сонгодог соло хитүүдийн нэгт тооцогдсоор байна.