KCON 2025 наадмын өмнөх өдөр буюу 2025 оны 7-р сарын 31-нд Лос Анжелест Академийн киноны музей болон CJ ENM хамтран тус компанийн 30 жилийн ой, мөн KCON-ийн 13 дахь удаагийн арга хэмжээнд зориулсан “K-Culture Night with Academy Museum” нэртэй тусгай үдшийг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь Лос Анжелес хотын төвд байрлах Дэвид Геффений театрт болж, удирдагчаар нь Солонгос-Америк уран бүтээлч Эрик Нам ажилласан бөгөөд оройг чимсэн зочдын тоонд К-попын одод болон дэлгэцийн алдартнууд багтжээ.
Оролцсон алдартнууд:
- Рэппер, нэвтрүүлэгч Lee Youngji
- Хөгжмийн хамтлаг P1Harmony
- Японы охидын хамтлаг IS:SUE
- “Squid Game”-ийн жүжигчин Йим Си Ван
Эдгээр уран бүтээлчдийн оролцоо нь зөвхөн хөгжмийн салбарыг бус, Азийн контент, кино, уран сайхны бүтээлийн олон улсын цар хүрээг онцолж буйг харуулсан юм.
“K-Culture Night” арга хэмжээ нь Академийн музей болон CJ ENM компанийн хооронд байгуулсан гурван жилийн стратегийн түншлэлийн нэг хэсэг бөгөөд Солонгос болон Азийн кино, дижитал контентын дэлхийн тавцан дахь нэр хүндийг өсгөх зорилготой.
CJ ENM нь өмнө нь найруулагч Бон Жун Хо-гийн бүтээлүүдэд зориулсан тусгай үзэсгэлэнг ивээн тэтгэж байсан бөгөөд энэ удаад ч мөн KCON арга хэмжээг илүү өргөн цар хүрээтэй, соёлын бодит сурталчилгаа болгоход анхаарч байна.
KCON 2025 тов:
- Хэзээ: 2025 оны 8-р сарын 1-3
- Хаана: Лос Анжелес Конвеншн төв
- Орой бүр: Crypto.com Arena-д томоохон К-поп концертууд зохион байгуулагдана
KCON нь зөвхөн К-поп хөгжмийн фэнүүдийн уулзалт биш, харин Солонгосын контент бүтээгчид, соёлын салбарын төлөөлөгчид, хөгжмийн уран бүтээлчдийг нэгтгэсэн олон улсын цогц фестиваль болоод байна. Өнгөрсөн жил CW Network-той байгуулсан гэрээний хүрээнд анх удаа үндэсний хэмжээний К-поп тоглолтыг шууд дамжуулж эхэлсэн нь К-попын дэлхийн тавцан дахь байр суурийг илүү тодотгож буй хэрэг юм.