Дуучин Кэйти Перри болон жүжигчин Орландо Блум нарын хайр дурлалын харилцаанд сорилт тулгарч, салалтын тухай цуурхал дэлгэрээд байна. 2019 оноос хойш үерхэж, хамтдаа охинтой болсон хосын хувьд энэ удаа байдал тун ноцтой байгаа бололтой.
People сэтгүүлд дурдсанаар Кэйти Перри шинэ цомгийн аялан тоглолттой холбоотойгоор ихээхэн стрессд орж, энэ нь тэдний харилцаанд сөргөөр нөлөөлсөн байна. Одоогоор Кэйти Австралид “Lifetimes” нэртэй аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд тоглолт дөрөвдүгээр сард Мехико хотоос эхэлж, арванхоёрдугаар сарын 7-нд Абу Дабид өндөрлөх хуваарьтай.
Page Six сэтгүүлд өгсөн эх сурвалжийн мэдээлснээр, “Тэдний харилцаа дууссан. Гэхдээ Кэйтигийн аялан тоглолт дуусах хүртэл салалт албан ёсоор болохгүй” хэмээн өгүүлжээ. Үүнээс гадна Сидней хотод хийсэн тоглолтын үеэр Кэйти “I’m Still Breathing” дуугаа дуулахын өмнө «Tim Tam жигнэмэг л намайг тэсэж гарахад тусалсан» хэмээх битүү тайлбар хэлсэн нь үзэгчдийн анхаарлыг татаж, салалтын тухай цуу яриаг улам дэвэргэв.
Нөгөөтэйгүүр, Орландо Блум саяхан “The Tonight Show” нэвтрүүлэгт оролцохдоо “сэтгэл заслын амьтан” хэмээн нэрлэсэн нохойгоо дагуулж ирсэн ч Кэйтигийн талаар огт дурсаагүй нь мөн л тэдний харилцаанд асуудал үүссэн гэсэн таамгийг улам гүнзгийрүүлжээ.
Хос одоогоор харилцааныхаа талаар ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч, эх сурвалжуудын мэдээллээр Кэйти Перригийн тоглолт дууссаны дараа тэдний ирээдүйн талаар тодорхой мэдэгдэл хийгдэх магадлал өндөр байна.