Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесКэти Перри, Жастин Трюдо нарын оройн зоог харилцааны эхлэл үү?

Кэти Перри, Жастин Трюдо нарын оройн зоог харилцааны эхлэл үү?

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Поп хөгжмийн ертөнцийн од Кэти Перри болон Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо нар хамт оройн зоог барьсан нь олны анхаарлыг татаж, тэдний харилцааны талаар олон таамаг дэгдээж байна.

2025 оны долоодугаар сарын 28-ны Даваа гарагт, 40 настай Перри болон 53 настай Трюдо нар Канадын Монреал хотын алдарт “Le Violon” ресторанд хамтдаа оройн хоол иджээ. Тэд ресторанд байх хугацаандаа тогооч Дэнни Смайлстай уулзаж, хоолны дараа гал тогоонд орж ажилчдад биечлэн талархал илэрхийлсэн байна.

TMZ сайтаас мэдээлснээр, Перри болон Трюдо нар тухайн үдэш хэд хэдэн коктейл ууж, далайн хоол хамтдаа зоогложээ. Гэсэн хэдий ч Перригийн төлөөлөгч болон Трюдогийн зүгээс энэ уулзалтын талаар ямар ч албан ёсны тайлбар хийгээгүй хэвээр байна.

Кэти Перригийн хувьд жүжигчин Орландо Блумтай олон жилийн турш салж, нийлж байсан бөгөөд 2019 онд сүй тавьсан ч нэг сарын өмнө албан ёсоор хоёр тийш болсон. Тэд дөрвөн настай охин Дэйзиг хамт өсгөж буй бөгөөд хамтран эцэг эх байх үүргээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Харин Жастин Трюдо, түүний гэргий Софи Грегуар Трюдо нар 18 жилийн хамтын амьдралын дараа 2023 оны наймдугаар сард салах шийдвэрээ олон нийтэд зарласан. Тэд 11-17 насны гурван хүүхэдтэй. Салах үед Трюдо Инстаграм хуудсандаа:

“Софи бид хоёр олон талаас нь тунгаасан, хүндхэн ярианы дараа салах шийдвэрт хүрлээ. Бид үргэлж нэгэн гэр бүл хэвээр үлдэнэ. Хүүхдүүдийн минь сайн сайхны төлөө хувийн орон зайг маань хүндэтгэнэ үү” хэмээн бичиж байв.

Одоогоор Кэти Перри болон Жастин Трюдо нарын хооронд романтик харилцаа үүссэн эсэх нь тодорхойгүй байгаа ч хамтдаа өнгөрүүлсэн үдэш сошиал орчинд өргөн хүрээнд анхаарал татсаар байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх