Алдарт реалити од, бизнес эрхлэгч Ким Кардашиан хуулийн мэргэжлийг эзэмших мөрөөдөлдөө том алхам хийж, “Law Office Study Program” (LOSP) буюу хуульчийн дадлага дээр суурилсан хөтөлбөрөө амжилттай дуусгажээ. Тэрээр уг хөтөлбөрийг анх дөрвөн жилийн хугацаатайгаар эхлүүлсэн ч COVID-19 цар тахал болон бусад ажил, амьдралын нөхцөл байдлын улмаас нийт зургаан жилийн турш үргэлжлүүлсэн байна.
Түүний төгсөлтийн ёслолд гэр бүл нь хүрэлцэн ирсэн бөгөөд хүүхдүүд нь болон эгч нар болох Клои, Кортни Кардашиан нар баярын мөчийг хуваалцжээ.
Law Office Study Program нь АНУ-ын Калифорни зэрэг цөөн мужид хэрэгждэг бөгөөд хуульч болох уламжлалт сургуулийн бус хэлбэр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд оролцогчид хуулийн сургуульд суралцахын оронд туршлагатай хуульч эсвэл шүүгчийн удирдлагад дадлага хийж, бие даан суралцдаг. Программыг амжилттай төгссөн тохиолдолд Бар шалгалт өгөх эрхтэй болдог ба шалгалтыг давснаар хуульчийн лиценз авдаг.
Ёслолын үеэр Кимийн ментор, өмгөөлөгч Жессика Жэксон түүний талаар ийн хэлжээ:
“6 жилийн өмнө Ким Кардашиан энэ хөтөлбөрт зөвхөн шударга ёсны төлөөх хүсэл эрмэлзлээрээ орж ирсэн. Түүнд хууль зүйн сургуулийн лекц, онолын хялбар зам байгаагүй. Тэр долоо хоногт 18 цаг, жилд 48 долоо хоног, нийт зургаан жилийн турш хичээллэсэн. Энэ нь 5,184 цагийн хуулийн сургалт гэсэн үг. Энэ бүх цагийг тэр дөрвөн хүүхдээ өсгөхийн хажуугаар, бизнесээ удирдаж, телевизийн нэвтрүүлэгт оролцож, бусдын төлөө шүүх дээр ажиллахын зэрэгцээ гаргаж чадсан.”
Ким Кардашиан коллеж төгсөөгүй хэдий ч 2018 оноос Сан Францискогийн хуулийн фирмд дадлага хийж эхэлсэн бөгөөд 2019 онд талийгаач аав Роберт Кардашианы мэргэжлийг өвлөхөөр шийдсэнээ олон нийтэд зарлаж байсан юм. Түүний аав нь алдарт O.J. Симпсоныг өмгөөлж байсан нэрт өмгөөлөгч байв.
Төгсөлтөө зарласнаар Ким Кардашиан Калифорнийн Бар шалгалтад орох дараагийн алхам руугаа албан ёсоор орж байгаа бөгөөд хуульч болох зорилго нь бодит байдалд улам ойртож байна.
2 комментария
Сошиал од байсан ч гэсэн хичээвэл бүхнийг сурч болдгийг харуулж байна
Кимийг ингэж тууштай суралцсанд үнэхээр гайхаж байна, амжилт хүсье!