Нүүр хуудас Нийгэм ба ярилцлага Ким Кардашян 10 саяын дээрмийн шүүх хуралд мэдүүлэг өгөхөөр Парист ирлээ

Ким Кардашян 10 саяын дээрмийн шүүх хуралд мэдүүлэг өгөхөөр Парист ирлээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Америкийн реалити шоуны од Ким Кардашян Парис хотод үргэлжилж буй шүүх хуралд 2016 онд гарсан дээрмийн хэргийн хохирогчийн хувиар оролцож, мэдүүлэг өгсөн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ хэрэгт Кардашяны $10 сая орчим үнэт эдлэл дээрэмдүүлсэн гэдгийг Францын эрх баригчид тогтоосон юм.

Парисын энэ удаагийн шүүх хуралд нийт 10 сэжигтнийг шүүж байгаа бөгөөд Францын хэвлэлүүдийн тодорхойлсноор тэд бүгд 60-аас дээш настай гэмт хэрэгтнүүд тул “өвөө нарын дээрэм” гэж нэрлэжээ. Сэжигтнүүдийн нэг нь шүүхийн явцад нас барсан бол нөгөө нь эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болсон байна.

Шүүх хурал олон улсын хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж, 500 орчим сэтгүүлч мэдээлэл бэлтгэн, шүүх байрны гадна Кардашяныг харахаар олон зуун хүн цугларсан байна.

Шүүх хурал эхлэхэд Ким Кардашян “Би бүх хүмүүст, ялангуяа Францын эрх баригчдад өнөөдөр надад мэдүүлэг өгч, үнэнээ хэлэх боломж олгосонд баярласнаа илэрхийлмээр байна” хэмээн үг хэлжээ.

Тэрбээр 2016 оны аравдугаар сарын 2-ны орой Парисын хувцас загварын долоо хоногийн үеэр зочид буудалдаа амарч байхдаа дээрэмдүүлсэн тухайгаа тодорхой өгүүлсэн юм. Тэр үед ээж, эгч нар нь гадуур гарсан байсан бол Кардашян найзын хамт өрөөндөө байжээ.

Дээрэмчид цагдаагийн дүрэмт хувцастайгаар өрөөнд нь нэвтэрч, Кардашянаас үнэт эдлэл нэхэн, түүнийг буу тулган хүлж, $4 саяын үнэтэй алмаазан бөгж зэрэг үнэт зүйлсийг нь дээрэмдсэн байна. Тэр үед Кардашян өөрийгөө амь насаа алдах нь тодорхой боллоо гэж бодон гэр бүлийнхээ төлөө залбирч эхэлснээ дурсжээ.

Шүүхээс түүнээс үнэхээр амиа алдана гэж итгэж байсан эсэхийг тодруулахад “Би үнэхээр тэгж бодсон. Үхэх нь гэж итгэсэн” хэмээн хариулсан байна. Мөн дээрэмчдээс хүчиндүүлэх вий гэсэн айдастай байсан ч тэдний нэг нь хөлийг нь хүлснээр хүч хэрэглэхгүй гэж ойлгосон хэмээн тайлбарлажээ.

68 настай, “Хөгшин Омар” хочит Аомар Аит Хедаче нь Кардашяныг хүлсэнээ хүлээн зөвшөөрсөн ч дээрмийн ажиллагааны зохион байгуулагч байсныг үгүйсгэжээ. Тэр ярих чадвараа алдсан тул өмгөөлөгчөөрөө дамжуулан Кимд уучлал хүссэн захиа илгээсэн байна. Захиаг уншихдаа Кардашян нулимс дуслуулсан бөгөөд түүнийг уучилснаа илэрхийлжээ.

“Би хоёр дахь боломжид үргэлж итгэдэг. Болсон явдлын төлөө чамайг уучилж байна. Гэхдээ энэ нь надад үзүүлсэн сэтгэлзүйн нөлөөг арилгахгүй” хэмээн Кардашян онцолжээ.

Парис дахь энэ хэрэг нь түүний хувийн амьдрал, аюулгүй байдлын ойлголтыг орвонгоор нь өөрчилсөн гэж мэдүүлсэн бөгөөд одоо зургаан бие хамгаалагчтай амьдардаг болсон гэнэ. Мөн энэ хэрэг гарснаас нэг сарын дараа Лос-Анжелес дахь гэрт нь төстэй халдлага дахин гарч байсныг шүүхэд хэлжээ.

2000-аад оны үед реалити шоугаар алдаршсан Кардашян загварын брэндүүд эзэмшдэг бөгөөд кинонд тоглож, бизнесийн салбарт амжилттай оролцож байна. Түүний хөрөнгийг Forbes сэтгүүл $1.7 тэрбум гэж тооцоолжээ.

Ким Кардашяны оролцож буй дээрмийн хэргийн шүүх хурал тавдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжлэх юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.