Реалити шоуны хатан хаан, тэрбумтан, дэлхийд нөлөө бүхий эмэгтэй
Реалити шоуны од, бизнес эрхлэгч, 1.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, олон нийтийн сүлжээний супер од Ким Кардашьян өнөөдөр 45 нас хүрлээ.
1980 онд Лос-Анжелес хотод өмгөөлөгчийн гэр бүлд төрсөн тэрээр ах, дүү Кортни, Клои, Роб нартайгаа өссөн. Эцэг эх нь 1991 онд салсны дараа ээж нь олимпын аварга Брюс Женнертэй гэрлэж, Кендалл, Кайли нар төрсөн юм.
Алдрын замналын эхлэл
Ким Кардашьян өсвөр насандаа Пэрис Хилтон болон Николь Ричитэй найзалж, загварын ертөнцөд хөл тавьсан. 16 настайдаа “Body” дэлгүүрт ажиллаж, 20 насандаа хөгжмийн продюсер Деймон Томастай гэрлэж байв. Гэвч тэдний гэрлэлт 2003 онд хүчирхийлэл, үл ойлголцлын улмаас салалтаар төгссөн.
2006 онд Ким Пэрис Хилтоны стилистээр ажиллаж, түүний тусламжтайгаар олон нийтэд танигджээ. Харин 2007 онд түүний экс найз залуу Ray J-тэй хийсэн хувийн бичлэг цахим сүлжээнд тархсанаар нэр хүнд нь дэлхий даяар шуугиан тарьсан. Энэ дуулианы дараа E! Телевизийн “Keeping Up with the Kardashians” реалити шоу эхэлж, Ким болон түүний гэр бүлийг дэлхий даяар танил болгосон юм.
Амжилт ба бизнес
Ким Кардашьян цаашид өөрийн брэндийг хөгжүүлж, үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцасны “KKW Beauty”, “KKW Fragrance”, “Skims” шугамуудыг үүсгэн байгуулсан. “Skims” брэндийн амжилтаар Кимийн хөрөнгө 4 тэрбум ам.долларт хүрч, АНУ-ын олимпын болон сагсан бөмбөгийн багийн албан ёсны дотуур хувцас нийлүүлэгч болсон.
Тэрээр цахим ертөнцийн хамгийн хүчтэй нөлөө бүхий хүн болж, нэг пост нь 300 мянган ам.долларын үнэтэй болжээ. 2014 онд “Paper” сэтгүүлийн нүүрэнд гарсан түүний алдарт зураг интернэтийг “дэлбэлж”, нэг өдөрт 15.9 сая хүн уг сайтын хуудас руу орсон байна.
Хувийн амьдрал ба уналт
2011 онд сагсан бөмбөгчин Крис Хамфристай гэрлэсэн ч 72 хоногийн дараа салсан. Үүний дараа тэр рэппер Канье Уэсттэй болзож, 2014 онд Флоренц хотод хурим хийсэн. Хос дөрвөн хүүхэдтэй болсон ч 2021 онд үзэл бодлын зөрчилтэй гэж албан ёсоор салсан.
Ким Кардашьян нөхрөөсөө салсны дараа хууль судалж, хорих ангийн шинэчлэлд оролцож, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг хоригдол Элис Мэри Жонсоныг суллах шийдвэр гаргахад нөлөөлжээ.
Тэрээр хожим хошин шогийн жүжигчин Пит Дэвидсон болон хөлбөмбөгчин Оделл Бекхэм нартай үерхэж байсан ч одоо ганцаараа амьдарч байна.
“Би ганцаараа байгаа ч сэтгэл хангалуун байна. Хүүхдүүдээ хүмүүжүүлэх, анхаарал тавих хэрэгтэй. Энэ бол надад хамгийн чухал зүйл.”
Ким Кардашьян — нийгмийн үзэгдэл
Өдгөө 45 нас хүрсэн Ким Кардашьян нь зөвхөн реалити шоуны од биш, харин дэлхийн загвар, бизнес, олон нийтийн сүлжээний чиг хандлагыг тодорхойлогч эмэгтэй хэвээр байна. Тэрээр өөрийн нэр, дүр төрхөөрөө шинэ үеийн “одын философийг” бий болгож чадсан нэгэн юм.
1 comment
45 настай гэхэд үнэхээр залуухан харагддаг шүү