Нүүр хуудас Урлаг“King Kylie” — Кайли Женнер арван жилийн дараа дуу, загварын ертөнцөд эргэн ирлээ

“King Kylie” — Кайли Женнер арван жилийн дараа дуу, загварын ертөнцөд эргэн ирлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“King Kylie” эрин үе дахин сэргэж байна

Реалити шоуны од, бизнес эрхлэгч Кайли Женнер энэ долоо хоногт “King Kylie” нэрээрээ анхны дуугаа гаргаж, шүтэн бишрэгчдэдээ арван жилийн дараах гэнэтийн бэлгийг барилаа. Энэ нэр нь түүний 2014–2016 оны үеийн алдрын оргил, реппер Tyga-тай үерхэж, тэрбум долларын үнэлгээтэй Kylie Cosmetics брэндийг байгуулж байсан цаг үеийг санагдуулж байна.

“King Kylie” нэрийн гарал ба алдрын оргил үе

2010-аад оны дунд үеийн интернэт соёлын гол дүр болсон Кайли Женнерийг тухайн үед фэнүүд нь “King Kylie” гэж нэрлэдэг байв. Тэрээр тод өнгийн парик, этгээд хэвлэмэл футболк, өргөн хөмсөг, матт уруулын будалт зэрэг загвараараа олон сая залуусын гоо зүйн чиг хандлагыг тодорхойлж байлаа.

Tumblr платформ тэр үед хамгийн нөлөөтэй байсан бөгөөд Кайлигийн нийтэлсэн зураг, хувцас, будалт, зүүлт бүгд тэргүүлэх интернэт трэнд болдог байв. Түүний алдарт уруулын будалт нь 2015 онд гарсан “Kylie Lip Kit”-ийн санаа болж, хожим түүний гоо сайхны эзэнт гүрний суурь тавигдсан юм.

Зөвхөн уруулын будгийн анхны цуглуулгаас 420 сая ам.долларын ашиг олж, тэрээр богино хугацаанд брэндээ дэлхийн түвшинд гаргаж чадсан.

Шинэ цуглуулга — “King Kylie” дахин төрөв

2025 онд Kylie Cosmetics-ийн арван жилийн ойд зориулан Кайли “King Kylie” нэртэй шинэ цуглуулгаа танилцуулжээ. Шинэ цувралд нүдний тень, будгийн багс, мөн түүний брэндийн түүхийг эхлүүлсэн анхны “Lip Kit”-ийн алдарт өнгүүд багтсан байна.

Шүтэн бишрэгчид “2015 оны Kylie эргэн ирлээ!” хэмээн сошиал сүлжээнд хөөрөн бичиж, хуучны трэнд дахин сэргэж буйг баяртайгаар угтав.

Түүнчлэн Кайли “King Kylie” нэртэй дуугаа гаргаж, 2015 онд Terror Jr хамтлагийн “3 Strikes” дуугаар эхэлсэн сурталчилгааны үргэлжлэл болох “Fourth Strike” клипийг нийтэлсэн нь фэнүүдийн дунд дуулиан тарьжээ.

“King Kylie” үеийн дурсамж ба шинэ имиж

Сүүлийн саруудад Кайли өнгө өнгийн парик, хурц будалттай зургуудаа нийтэлж, “King Kylie”-ийн эргэн ирэлтэд дохио өгч байсан юм. Түүний хуучны хэв маягийг дахин сэргээсэн эдгээр зургууд TikTok болон Instagram-д цахиур хагалж, “интернэтийн алтан үе эргэн ирлээ” хэмээн олон хэрэглэгч дурсамж сэргээжээ.

Хөрөнгө, амжилт

2025 оны хагас жилийн байдлаар Кайли Женнерийн нийт хөрөнгө 670 сая ам.доллар хүрсэн бөгөөд Forbes сэтгүүлийн “Өөрийн хүчээр амжилтад хүрсэн хамгийн баян Америкийн эмэгтэйчүүдийн жагсаалтад” 52 дугаарт бичигджээ.

Мөн тэрээр 2019 онд “өөрийн хүчээр тэрбумтан болсон хамгийн залуу хүн” хэмээн нэрлэгдэж байсан юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх