“Монгол” театрын уран бүтээлчид өнгөрсөн онд анх амжилттай нээлтээ хийсэн түүхэн сэдэвт “Клеопатра” драмын жүжгээ энэ жил дахин тайзнаа амилуулахаар болжээ. Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа долдугаар сарын 1-нээс 10-ны хооронд үзэгчдийн хүртээл болох уг жүжиг нь урлагийн сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байна.
Энэ бүтээл нь Их Британийн нэрт жүжгийн зохиолч, Нобелийн болон Оскарын шагналт Жорж Бернард Шоугийн “Цезарь ба Клеопатра”, мөн дэлхийн сонгодог уран зохиолын их мастер Уильям Шекспирийн “Антони ба Клеопатра” жүжгүүдээс сэдэвлэн бүтээсэн гэдгээрээ онцлог.
Жүжгийн ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан А.Чингүн ажиллаж байгаа бол, түүхэн хатан Клеопатрагийн дүрд жүжигчин Н.Баярмаа дахин амилж, үзэгчдийг эртний Египетийн ертөнц рүү хөтлөх юм.
Энэхүү жүжиг нь хайр, эрх мэдэл, улс төрийн зөрчил, эмэгтэй хүний оюун ухаан, сэтгэл зүрхийг урлагийн хэлээр гүн гүнзгий илэрхийлж байгаагаараа монголын театрын тайзнаа түүхэн, уран сайхны үнэ цэн нэмсэн уран бүтээл болоод байна.