Энэ зун дэлхий даяар үзэгчдийн анхаарлыг татсан “Kpop Demon Hunters” энимэйшн кино Нэтфликсийн түүхэнд хамгийн их үзэлттэй бүтээл болжээ. Өмнө нь энэ рекордыг 265 сая үзэлтээр “Squid Game” цуврал эзэмшиж байсан бол шинэ бүтээл 266 сая үзэлттэйгээр түүнийг гүйцсэн байна.
Ердөө хоёр долоо хоногийн өмнө “Kpop Demon Hunters” үзэлтийн тоогоор Нэтфликсийн жагсаалтын гуравдугаарт бичигдэж, “Squid Game” болон 252.1 сая үзэлттэй Америкийн “Wednesday” цувралуудын ард байрлаж байв. Гэвч богино хугацаанд тэднийг давж, уран сайхны кино болон телевизийн цувралын аль алинд үзэлтийн тоогоор тэргүүлэх боллоо.
Киноны ангилалд “Kpop Demon Hunters” нь Дуэйн Жонсон, Гал Гадот нарын тоглосон 2021 оны алдарт “Red Notice” бүтээлийг даван тэргүүн байр эзэлжээ.
Нэтфликс контентын үзэлтийг үнэлэхдээ нээлтээс хойших эхний 91 хоногийн статистикийг ашигладаг. Зургаадугаар сарын 20-нд нээлтээ хийсэн уг энимэйшнд энэ хугацаа дуусахад хоёр долоо хоног үлдээд байгаа тул амжилтаа цаашид хадгалах нь тодорхой гэж үзэж байна.
Мөн киноны гол дуу болох “Golden” хөгжмийн салбарт ч амжилт үзүүлж, Billboard-ын “Hot 100” жагсаалтыг дараалан гурван долоо хоногийн турш тэргүүлээд байна.