Америкийн алдартай нарийн боов, кофе шопын сүлжээ болох Krispy Kreme тун удахгүй Монголын зах зээлд албан ёсоор орж ирэхээр болжээ. Энэхүү төслийг Монголын BlueMon компани, Малайзын Berjaya Food компанитай хамтран хэрэгжүүлж байна.
Krispy Kreme — Дэлхийд алдартай амт
- Krispy Kreme нь 1937 онд АНУ-ын Хойд Каролина мужид Вернон Рудольф-ийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан.
- Тэрээр Нью Орлеансын нэг тогоочоос тусгай жор худалдан авч, анх орон нутгийн хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан борлуулалтаа эхлүүлсэн.
- Хүмүүс халуун боовыг нь шууд худалдан авах хүсэлтэй байсан тул дэлгүүрийн хананд цонх гаргаж, шууд борлуулах хэлбэрийг бий болгосон нь өдгөө Krispy Kreme-ийн онцлог болсон.
Өнөөдөр тус брэнд нь АНУ-аас эхлээд Япон, Европ, Зүүн Өмнөд Азийн улс орнуудыг хамарсан олон улсад нэр хүндтэй сүлжээнд тооцогддог. Тэдний бүтээгдэхүүнд:
- төрөл бүрийн амттай исгэн нарийн боовнууд,
- шинэхэн чанасан кофе,
- улирлын онцгой амтат ундаа, амттанууд ордог.
Монголын зах зээлд орох шалтгаан
Berjaya Food компанийн Гүйцэтгэх захирал Дато’ Сидни Куэйс мэдэгдэхдээ:
“Монгол Улс бол чанартай хоол, үйлчилгээний соёлыг үнэлдэг ирээдүйтэй зах зээл бөгөөд Krispy Kreme-ийн амтлаг бүтээгдэхүүнүүд нь Монголын хэрэглэгчдийн сэтгэлд нийцнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Berjaya Food компанийн тухай
- Малайзын нийслэл Куала Лампурт төвтэй уг компанийн үндсэн чиглэл нь дэлхийн нэр хүндтэй франчайз брэндүүдийг нутагшуулах явдал юм.
- Krispy Kreme-ийг 2009 онд анх Малайзын зах зээлд амжилттай нэвтрүүлж байжээ.
- 2024 оны байдлаар тус компани Малайз даяар 30 Krispy Kreme салбар ажиллуулж байна.
- Мөн Starbucks, Paris Baguette зэрэг дэлхийн алдартай сүлжээний эрхийг амжилттай эзэмшдэг.
- 2024 онд тэд Starbucks брэндийг Дани, Финланд, Исланд зэрэг Европын улсуудад нэвтрүүлэх албан ёсны эрхийг авчээ.
Krispy Kreme-ийн Монгол дахь анхны салбар нээгдэх хугацаа, байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй зарлагдах төлөвтэй байна.