Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр (УДБЭТ)-ын уран бүтээлчид өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголын утга зохиол, хөгжмийн урлагийн сор болсон бүтээлүүдийн нэг “Ламбугайн нулимс” дуурийг үзэгчдийн хүртээл болголоо.
Энэхүү дуурь нь их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн ижил нэрт өгүүллэгт тулгуурласан бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн цомнолоор, Төрийн шагналт зохиолч, хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргалын уран бүтээл юм.
Монголын уран бүтээлийн сор: “Ламбугайн нулимс”
Анх 1986 оны 5-р сарын 10-нд тайзнаа амилсан тус дуурийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж, Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх удирдан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Төмөрхуяг тайзны уран бүтээлийг хариуцаж байв.
Энэ удаа “Ламбугайн нулимс” дуурийг гурван бүлэг, зургаан үзэгдэл бүхий бүтнээр нь тоглосон бөгөөд УДБЭТ-ын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир анх удаа энэхүү бүтээлийг удирдан тоглуулсан нь онцлох үйл явдал боллоо.
Монголын амьдралаас сэдэвлэсэн уран бүтээл
XIX зууны Монголын нийгмийн бодит дүр төрхийг харуулсан энэ дуурь нь үндэсний хөгжмийн урлагийн салбарт чухал байр суурь эзэлдэг. Үзэгчдийн сэтгэлд хоногшсон энэхүү бүтээл нь монгол уламжлал, ёс суртахуун, хүмүүнлэг сэтгэлийн гүн гүнзгий илэрхийлэл болдог.