ВАШИНГТОН, 2025 оны 8-р сарын 6 — Америкийн нэр хүндтэй MTV телевизээс жил бүр зохион байгуулдаг “MTV Video Music Awards-2025” наадамд хамгийн олон төрөлд нэр дэвшээд буй уран бүтээлчдээр Леди Гага, Бруно Марс, Кендрик Ламар нар тодорлоо. Мөн Сабрина Карпентер, Ариана Гранде нар нэр дэвшилтийн тоогоор өндөрт жагсаж байна.
Тус наадмын түүхэн дэх хамгийн олон буюу тус бүр 30 шагналын эзэн болсон Тейлор Свифт болон Бейонсе нар энэ жил “Оны шилдэг уран бүтээлч” төрөлд нэр дэвшсэн ч, тэдний аль нь ч шинэ цомог гаргаагүй билээ. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд хийсэн тэдний аялан тоглолтууд урлагийн ертөнцөд томоохон үйл явдал болж чадсан. Т.Свифт өнгөрсөн жилийн VMA-наас долоон шагнал хүртэж, “Оны шилдэг уран бүтээлч” зэрэг гол төрөлд ялалт байгуулсан юм.
2025 оны наадмаар:
- Леди Гага 12 төрөлд
- Бруно Марс 11 төрөлд
- Кендрик Ламар 10 төрөлд
- Сабрина Карпентер 8 төрөлд тус тус нэр дэвшжээ.
Леди Гага “Оны шилдэг уран бүтээлч”-ээс гадна “Mayhem” нэртэй шинэ цомгоороо “Шилдэг цомог” төрөлд өрсөлдөж байна. Тэрээр одоогоор АНУ даяар аялан тоглолт хийж байгаа бөгөөд 39 настай билээ.
Мөн Леди Гага, Бруно Марс нарын хамтран дуулсан “Die With A Smile” бүтээл нь “Оны шилдэг дуу” төрөлд нэр дэвшээд зогсохгүй, уран бүтээлчид нь:
- “Оны шилдэг хамтрал”
- “Шилдэг поп дуу”
- “Шилдэг клип”
гэсэн төрөлд өрсөлдөхөөр болжээ.
Энэ удаагийн MTV VMA-д хоёр шинэ номинаци нэмэгдсэн нь “Шилдэг кантри” болон “Шилдэг поп уран бүтээлч” төрлүүд юм. Шагнал гардуулах ёслол есдүгээр сарын 7-нд Нью-Йорк хотын “UBS Arena”-д болох товтой байна.