АНУ-ын алдарт nu-metal урсгалыг төлөөлөгч “Limp Bizkit” хамтлагийн аргил гитарчин Сэм Риверс 48 насандаа таалал төгссөн тухай мэдээ олон нийтэд хүрлээ. Энэхүү гунигт мэдээг хамтлагийнхан нь 2025 оны 10 дугаар сарын 19-ний ням гарагт олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлжээ.
Хамтлагийнхны сэтгэл хөдлөлөөр дүүрэн мэдэгдэл
“Limp Bizkit” хамтлаг өөрийн албан ёсны сошиал хуудсандаа дараах мэдэгдлийг нийтэлсэн байна.
“Өнөөдөр бид ах, хамтлагийн гишүүн, зүрхний цохилтоо алдлаа.”
Мөн мэдэгдэлд дараах үгс багтжээ:
“Сэм Риверс бол зүгээр нэг бэйс хөгжимчин байгаагүй. Тэр бол цэвэр ид шид байсан. Тэр бол бүх дууны цохилт, эмх замбараагүй байдлын дунд орших амгалан, хөгжмийн маань сүнс байлаа. Хамт тоглосон эхний мөчөөс л Сэм дахин давтагдашгүй гэрэл, хэмнэлийг бидэнд авчирсан. Түүний авьяас шавхагдашгүй, оршихуй нь мартагдашгүй, зүрх нь асар уудам байсан.”
Хамтлагийнхан мэдэгдлийнхээ төгсгөлд:
“Амар амгалан нойрсоорой, ах минь. Чиний хөгжим хэзээ ч зогсохгүй.”
хэмээн бичжээ.
“Limp Bizkit”-ийн өв ба Сэм Риверсийн үүрэг
“Limp Bizkit” хамтлагийг 1994 онд АНУ-ын Флорида мужийн Жэксонвилл хотод байгуулсан бөгөөд тэд 1990-ээд оны сүүлээр металл, хип-хоп, панк урсгалыг хослуулсан өвөрмөц хүнд хэмнэлтэй хөгжмөөрөө алдаршсан юм.
Хамтлагийн хамгийн амжилттай бүтээлүүдийн тоонд:
- “Significant Other” (1999)
- “Chocolate Starfish and the Hot Dog Flavored Water” (2000)
цомгууд ордог бөгөөд эдгээр нь тухайн үед АНУ-ын хөгжмийн жагсаалтыг тэргүүлж байв.
Сэм Риверс нь хамтлагийн анхны бүрэлдэхүүнд багтаж, хөгжмийн хэмнэл, хүчирхэг дуугаралтаар “Limp Bizkit”-ийн өнгө төрхийг тодорхойлж байсан юм.
2 комментария
Limp Bizkit-ийн хөгжим залуу насны минь дурсамж шүү
Амьдрал богинохон, шүтээнүүд маань нэг нэгээрээ буцаж байна