BLACKPINK хамтлагийн гишүүн Лиса уран бүтээлийн шинэ шат руу ахиж, шинэ баримтат кино хийж эхэлсэн талаар Sony Music Vision албан ёсоор мэдээллээ. The Hollywood Reporter-ийн мэдээлснээр энэхүү баримтат киног найруулагч Сью Ким найруулж байгаа бөгөөд уг бүтээлээр дамжуулан Лисагийн уран бүтээлийн замнал, хувийн амьдралын талаарх урьд өмнө дэлгэгдээгүй олон талыг харуулах юм.
Одоогоор нэргүй байгаа энэхүү киноны нээлтийн огноо хараахан зарлагдаагүй байгаа ч, өнгөрсөн жил BLACKPINK хамтлаг завсарлага авах үеийн Лисагийн бие даасан уран бүтээл, амьдралын хэв маяг, хөгжмийн урсгалд хийсэн эрэл хайгуул зэргийг тусгасан бүтээл болохыг онцолжээ. Баримтат кинонд түүний “Alter Ego” цомгийн нээлт болон Coachella 2025 наадмын тайзнаа дангаараа гарсан анхны тоглолт ч багтах юм.
NME сэтгүүлч Кристал Беллийн өгүүлснээр, “Alter Ego” нь Лисагийн өөр өөр дүр төрх, уран сайхны өнгө аяс, туршилт зэргийг нэгтгэсэн, илэн далангүй, хүчирхэг бүтээл болсон хэмээн үнэлжээ. Түүний бичсэнчлэн, “Жинхэнэ Лиса одоо л бүрэлдэж эхэлж байгаа мэт. Харин тэр өөрийнхөө замыг олсон цагт түүнийг зогсоох аргагүй болно.”
Энэ бол Лисагийн хоёр дахь баримтат кино бөгөөд анхны бүтээл нь 2020 онд Netflix-д зориулан бүтээгдсэн BLACKPINK-ийн “Light Up The Sky” байв. Харин энэ удаагийн кино нь Лисагийн хувийн туршлага, тайзны ард буй эмзэг хэрнээ хүчирхэг хүн чанарыг гүнзгий тусгаж өгнө гэж найруулагч Сью Ким онцолжээ. Тэрээр “Би дэлхий нийт Лисаг тайзнаас өөр өнцгөөс хармаар байгааг түүнд ойлгуулахыг хичээсэн. Тэр өөрийгөө ‘Би Тайландаас ирсэн жирийн л нэг охин’ гэж хэлэх дуртай. Үнэндээ тэр үнэхээр л тийм хүн. Гэхдээ тэр дэлхийн алдартай од болчихсон, тэгсэн ч дундаас өөрийн замаа эрж хайсаар байна” хэмээжээ.
BLACKPINK хамтлаг завсарлага авсан энэ хугацаанд дөрвөн гишүүн тус тусын бие даасан карьер руугаа анхаарч эхэлсэн. Лиса зөвхөн хөгжимчнөөр зогсохгүй, HBO-ийн “The White Lotus” цувралын гуравдугаар улиралд “Мук” нэртэй дүр бүтээж, жүжигчний карьертаа хөл тавьсан нь олон нийтийн анхаарлыг татсан.
Түүнчлэн хамтлаг 2025 оны 7-р сард дахин нэгдэж “Deadline” нэртэй дэлхийн аялан тоглолтоо эхлүүлэх бөгөөд Өмнөд Солонгос, АНУ, Европ, Их Британи, Азийн орнуудаар тоглолт хийхээр төлөвлөж байгаа юм. Лондонгийн Wembley цэнгэлдэх хүрээлэнд 8-р сард хоёр томоохон тоглолт хийхээр товлосон бол Азийн зарим хотуудад нэмэлт тоглолтын огноо ч зарлагдаад байна.
1 comment
Тэр олон хүнд урам зориг өгдөг — түүний аяллын талаар илүү ихийг мэдэх боломж олгосонд баярлалаа