Нүүр хуудас Фешн ба стильЛос-Анжелест 7,000 ам.долларын үнэ бүхий Лабубу хүүхэлдэйнүүдийг хулгайлав

Лос-Анжелест 7,000 ам.долларын үнэ бүхий Лабубу хүүхэлдэйнүүдийг хулгайлав

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Лос-Анжелес орчмын Ла Пуентэ хотын нэгэн дэлгүүрээс баг зүүсэн хэдэн этгээд ойролцоогоор 7,000 ам.долларын үнэ бүхий Лабубу хүүхэлдэйнүүдийг олноор нь хулгайлсан хэрэг гарлаа. Энэ үйл явдал наймдугаар сарын 6-ны лхагва гарагийн шөнө дунд, хотын төвөөс зүүн тийш 29 км-ийн зайд орших тоглоомын дэлгүүрт болжээ. Албаныхны мэдээлснээр сэжигтнүүд хулгайн “Toyota Tacoma” автомашин ашигласан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ч одоогоор нэмэлт мэдээлэл алга байна.

Лабубу хүүхэлдэйг Хонконгийн уран бүтээлч Касинг Лунг зохиосон бөгөөд шүдээ ярзайлган инээсэн, том нүдтэй энэхүү чихмэл тоглоом нь анх гарснаас хойш арван жилийн дараа цуглуулагчдын дунд өндөр үнэ цэнтэй болсон. 2015 онд анх бүтээгдсэн Лабубу 2019 оноос Хятадын “Pop Mart” компанийн шугамаар өргөн худалдаалагдаж эхэлсэн бөгөөд ихэвчлэн “blind box” буюу битүү хайрцагт, өнгө загвар нь нууц хэлбэрээр зарагддгаараа онцлогтой.

Хохирогч “One Stop Sales” дэлгүүр өөрийн цахим хуудсанд хулгайчид бүх барааг бүрэн авч, дэлгүүрийг сүйтгэсэн талаар мэдээлж, хяналтын камерын бичлэг нийтэлжээ. Дүрс бичлэгт малгай, нүүрний хаалттай этгээдүүд дэлгүүрт нэвтэрч, бараа шүүж, хайрцаг зөөж буй нь тод харагдаж байсан. Дэлгүүрийн хамтран эзэмшигч Жоанна Авенданьо “Бид өдий зэрэгт хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөсөн, гэтэл тэд орж ирээд л юу ч болоогүй юм шиг бүгдийг нь аваад явчихлаа. Бид одоо ч шокноосоо гараагүй байна” хэмээн ярьжээ.

Цагдаагийн газраас ABC News-д өгсөн мэдээллээр сэжигтнүүд одоогоор баригдаагүй ч тэдний ашигласан хулгайн автомашиныг олсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх