Попын хаан хэмээн алдаршсан Майкл Жексон агсны өмсөж байсан оймсны өрөөсөн хос Лхагва гарагт 7688 еврогоор, ойролцоогоор $8,800-ын үнээр зарагдсаныг дуудлага худалдааны зохион байгуулагчид мэдээллээ.
Түүх сөхвөл, 1997 оны долдугаар сард Францын өмнөд хэсгийн Ним хотод болсон тоглолтын дараа нэгэн техникч Жексоны хувцас солих өрөөний ойролцоо орхигдсон байсныг олж хадгалсан байна. Энэхүү оймс нь тухайн үедээ Майкл Жексоны өмсөж байсан гялалзсан шигтгээтэй, цагаан өнгийн спорт оймсны нэг тал аж. Тэрбээр үүнтэй ижил оймсоор “Billie Jean” дууны клипэндээ бүжиглэж, шүтэн бишрэгчдийн дунд онцгой танигдсан байдаг.
Олон жилийн турш хадгалагдаж ирсэн оймс нь цаг хугацааны эрхээр элэгдэж, зарим шигтгээ нь шарласан, толбо тогтсон талаар дуудлага худалдааны вэбсайт дээр дурджээ. Уг зүйл анх 3,000–4,000 еврогийн үнэлгээтэй байхаар тооцоолж байсан ч үнийн санал өссөөр хоёр дахин өндөр дүнгээр борлогдсон байна.
Майкл Жексоны хэрэглэж байсан эд зүйлс одоо ч шүтэн бишрэгчид, цуглуулагчдын дунд өндөр эрэлттэй хэвээр. 2009 онд Макаогийн нэгэн казино түүний 1983 онд анхны “moonwalk” бүжиг хийх үедээ өмсөж байсан бээлийг $350,000-аар худалдан авсан байдаг. Харин тэр үеийн малгайг нь 2023 онд Парис хотод болсон дуудлага худалдаагаар $80,000-д хүрч борлуулж байжээ.
Майкл Жексон 2009 онд эмнэлгийн зориулалттай мансууруулах бодисын хэт хэрэглээний улмаас 50 насандаа таалал төгссөн билээ.