Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Ким Су Хён «Star Ranking» санал хураалтад тав дахь долоо хоног дараалан эрэгтэй жүжигчдийн ангилалд №1 байрыг хадгалж чадлаа. Хэдий түүнийг тойрсон маргаан өрнөж байгаа ч шүтэн бишрэгчдийн дэмжлэг буурахгүй байгааг энэхүү амжилт харуулж байна.
Тавдугаар сарын 29-ний 15:01 минутаас зургадугаар сарын 5-ны 15:00 минут хүртэл үргэлжилсэн 115 дахь удаагийн санал хураалтаар Ким Су Хён нийт 182,051 санал авч, хоёрдугаар байрт жагссан Ли Жүн Хогийн 63,618 санал, гуравдугаар байрт орсон Бён Ү Сокийн 17,117 санал-аас хол илүүрхэжээ.
«Star Ranking» бол шүтэн бишрэгчдийн саналд үндэслэн долоо хоног бүр оддыг эрэмбэлдэг платформ бөгөөд фенүүд гар утсаар санал өгөхөд дижитал батламж олгодог. Хэрэв тухайн уран бүтээлч дөрвөн долоо хоног дараалан №1 байрыг эзэлбэл гадаах LED сурталчилгаанд онцлогддог урамшуулалтай.
Хэдий тийм ч Ким Су Хёныг тойрсон шүүхийн маргаан үргэлжилсээр байгаа юм. Нас барсан жүжигчин Ким Сэ Роны ар гэрийнхэн тэд 2015 оноос зургаан жилийн турш үерхэж байсан гэх мэдэгдэл хийсэн бөгөөд тухайн үед Ким Сэ Рон насанд хүрээгүй байсныг онцолсон. Ар гэрийнхэн нь гэрэл зураг, зурвас, захидал гэх мэт “нотлох баримт”-ыг маргаантай мэдээллээрээ алдартай Garo Sero Research Institute (Hoverlab) YouTube сувагт хүлээлгэн өгсөн байна.
Мөн Ким Сэ Роны согтуугаар жолоо барьж осол гаргасны улмаас 700 сая воны торгуультай холбоотой асуудал Ким Су Хёны харьяалагддаг Gold Medalist агентлагтай үүссэн. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд шүүмжлэл, маргаан өрнөж байна.
Гуравдугаар сард Ким Су Хён өөрийн байр суурийг илэрхийлсэн мэдэгдэлдээ:
“Би түүнийг насанд хүрээгүй байхад нь үерхэж байгаагүй. Мөн миний татгалзсан үйлдэл эсвэл агентлагийн дарамт нь түүний эмгэнэлт шийдвэрт нөлөөлсөн гэх мэдээлэл огт худал.”
хэмээн мэдэгдэж, нэр төрөө хамгаалах үүднээс Ким Сэ Үй, Hoverlab суваг болон нас барсан жүжигчний ар гэрийн эсрэг иргэний болон эрүүгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, нийт 12 тэрбум воны хохирол нэхэмжлээд байна.
Ким Су Хён өөрийн нэр хүндэд учирсан хохирлыг барагдуулах, гүтгэлгийн эсрэг тэмцэх шүүхийн замаар нэр төрөө сэргээхийг оролдож байгаа ч олон нийтийн дэмжлэгт автаж, “Star Ranking”-ийг тогтмол тэргүүлсээр байна.