Дэйв Мастейн “Ride the Lightning”-ийг “хурдлуулж”, түүхийн хүрдийг хаалаа
Домогт thrash metal хамтлаг Megadeth удахгүй гарах сүүлчийн цомогтоо Metallica-гийн “Ride the Lightning” дууг дахин зохиосон хувилбарыг багтаажээ. Энэхүү дуу нь Metallica-гийн 1984 онд гаргасан хоёр дахь цомгийн нэрийн дуу бөгөөд Megadeth үүнийг илүү хурдан, эрчтэй байдлаар дахин амилуулсан байна.
Хамтлагийн үүсгэн байгуулагч, гитарчин Дэйв Мастейн Metal Hammer сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ санааны тухай ингэж хэлжээ:
“Бидэнд энэ дууг дахин бичих яг тохиромжтой үе байсан. Энэ бол миний эхэлсэн зүйл рүүгээ буцаж, хүрдийг хаах алхам юм. Үнэндээ энэ бол маш сайн дуу, бид үүнийг маш сайн тоглосон. Хамгийн гол нь бид үүнийг бага зэрэг хурдлуулсан. Би дахин найруулга хийхдээ тухайн дууг анхны хувилбараас дор хийгдэж болохгүй гэж боддог — харин бидний хувилбар анхныхаас дутахгүй болсон.”
Metallica-тай холбогдох түүх
Мастейн 1981–1983 оны хооронд Metallica-ийн гитарчин байсан бөгөөд тухайн үед хамтлагийн фронтмен Жэймс Хэтфилд болон бөмбөрчин Ларс Ульрих нартай зөрчилдсөний улмаас халагджээ.
Үүний дараа тэр 1983 онд Megadeth хамтлагийг байгуулж, 1985 онд анхны цомог болох “Killing Is My Business… and Business Is Good!”-ийг гаргасан бөгөөд тэнд Metallica-д тоглодог байсан “Mechanix” хэмээх дуугаа шинэ хувилбараар оруулсан байдаг.
Megadeth-ийн төгсгөлийн үе
2025 оны наймдугаар сард Megadeth карьераа дуусгаж байгаагаа албан ёсоор зарласан бөгөөд гарах гэж буй шинэ цомог нь тэдний сүүлчийн бүтээл болох юм. Энэ цомогт “Ride the Lightning”-ийн кавер багтах бөгөөд “Megadeth” нэртэй уг цомог 2026 оны нэгдүгээр сарын 23-нд худалдаанд гарна.
Цомгийн үндсэн сингл “Tipping Point” энэ оны аравдугаар сард танилцуулагдсан.
Мастейн өнгөрсөн үеийн зөрчилдөөнүүдийг үл харгалзан Хэтфилдын талаар эерэг байр суурь илэрхийлж, түүнийг “маш авьяастай гитарчин, хүндэтгэлтэй хөгжимчин” гэж онцолжээ.
 
			         
	