Монгол дархны уламжлал, өв соёлыг хадгалан хамгаалах, олон нийтэд таниулж түгээх зорилготой “Монгол дархан: өв, урлахуй” нэртэй тусгай үзэсгэлэн өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд нээлтээ хийлээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулан зохион байгуулж буй онцгой арга хэмжээ юм. Үзэсгэлэн нь дөрөв дэх жилдээ амжилттай зохиогдож байна.
Энэ удаагийн үзэсгэлэн “Монголчуудын түүхэнд дархчуудын оролцоо” сэдвийн дор болж байгаа бөгөөд Монгол болон Буриадаас нийт 60 уран бүтээлч оролцож, 138 бүтээлээ олон нийтэд танилцуулжээ. Бүтээлүүдийг ардын урлал, шашны урлал, чимэглэлийн урлал, чөлөөт уран бүтээл гэсэн дөрвөн ангиллаар хүлээн авч, шилдэг 20 бүтээлийг шалгаруулсан байна.
Шилдгийн шилдэг бүтээлүүд:
“Цагаан дарь эх” хүрэл цутгуурт алтан шармал бүтээл – “Занабазарын хийц” ТББ
“Мөнгөн цар аяга” – Уран дархан Б.Баярсайхан
Луун сийлбэртэй, алтан шармал “Ган хэт хутга” – Уран дархан Н.Бат-Эрдэнэ
“Хүннү эмээл” – “Мөнгөн талст” урлангийн бүтээл
Мөн уран бүтээлч Д.Энхдаваа “Хас Эрдэнэ” нэртэй ган сийлбэртэй бүтээлээрээ шилдэг уран бүтээлчийн шагнал хүртжээ. Тэрбээр бүтээлийнхээ тухай “Очир алмас нь тухайн айл өрхийн эд хөрөнгө, эздээ хамгаалдаг. Мөн мөнх орших, дэлгэрэнгүй амьдрахын бэлгэдэл болдог. Хэт хутга бол монгол эр хүний гоёлын салшгүй хэсэг бөгөөд үе дамжсан өв юм” хэмээн хэлсэн байна.
Харин уран бүтээлч Г.Эвсанаа XIII-XV зууны хатдын хэрэглэж байсан зүйлсээс санаа авч “Хатан эмээл” нэртэй бүтээлээ урласан бөгөөд утсан сүлжмэл, хөөмөл аргыг хослуулсан бүтээлээ хоёр дахь жилдээ олон нийтэд танилцуулж буйгаа онцоллоо.
“Монгол дархан: өв, урлахуй” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд долоодугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

