Хятадын алдарт “HAYA” хамтлагийн гоцлол дуучин, ая зохиогч Дайчин Тана 1983 оны наймдугаар сарын 29-нд Хөхнуур мужийн Хайши тойргийн Дэлхий хотод төрсөн. Тэрбээр Тайж нар отгийн Авгас овогт Монгол эмэгтэй бөгөөд түүний ээж нь нутагтаа хүндлэгдсэн ардын дуучин байжээ. Энэ нь Танаг урлагийн замд эрт хөтөлсөн байна. Тэр Монгол, Хятад, Төвд, Хинди хэлээр чөлөөтэй дуулдаг. 2006 оноос хойш дуулсан “Алсын газрын зэрэглээ”, “Аниргүй тэнгэр” зэрэг ардын дуунууд нь Хятадын хөгжмийн ертөнцөд хит болж, олны анхаарлыг татсан юм.
“HAYA” хамтлагийг 2004 онд хөгжмийн зохиолч Жан Чуаньшэн үүсгэн байгуулсан. Хамтлагийн нэр нь “хаяа” буюу “зах хязгаар” гэсэн утгатай монгол үг. Дайчин Тана 2006 онд тус хамтлагт гоцлол дуучнаар нэгдсэн бөгөөд энэ үеэс эхлэн “HAYA” Хятадын уран бүтээлийн орон зайд хүчтэй гарч ирсэн. Тана өөрөө “Орчлонгийн үймээнээс ангид, хүний сэтгэлийн гүнд хүрэх дуу бүтээхийг хүсдэг” хэмээн ярьж байжээ.
2014 оны гуравдугаар сарын 2-нд Гуанжоу хотод болсон Хятадын IX удаагийн “Алтан хонх” хөгжмийн наадамд “HAYA” хамтлаг алтан медаль хүртсэн юм. Тухайн наадмаар Тана “Аниргүй тэнгэр”, “Намуухан шөнийн огторгуй” дуунуудаа гайхалтайгаар дуулж, үзэгчдийн сэтгэлд гүн хоногшсон байна.
Дайчин Танын хоолой бол намуухан урсгал мэт уянгалаг, сэвэлзэх салхи шиг зөөлөн. Түүний дуу амар амгаланг мэдрүүлж, сонсогчдын дотоод сэтгэлийг хөглөдөг. Чимээгүй байдал дунд уусах түүний аялгуу сэтгэлийн утсыг хөдөлгөж, үзэгчдийг нулимс унагаатал сэтгэлийг нь шингээдэг.
“Аниргүй тэнгэр”
Газрын холоос санана даа, ирнэ дээ
Ганцхан наран дор бие, биенээ хайна даа
Гангарсан ангир шувууд шиг
Гадны цаанаас зорино доо, ирнэ дээ
Хязгаарын цаанаас хүснэ дээ, хүлээнэ дээ
Хөвөөн тэр нутагтаа, хөх тэнгэрт даатгана…
“HAYA” хамтлаг “Нүүдэл” нэртэй цомгоо Герман улсад хэвлүүлж, олон улсад хүргэж байсан бөгөөд дараах 11 дууг багтаасан:
Салхины мөр (Footprint of Wind)
Бүргэдийн дүүлэл (Flying Eagle)
Ногоон дарь эх (11 Green Tara)
Гайатригийн магтаал (Gayatri Mantra)
Лалэ (Lale)
Хэнз хурга (Lonely Lamb)
Мангас (Monster)
Адуучин (Wrangler)
Хаяагийн домог (The Legend of HAYA)
Нагваанлувсангиацо (Ngavan Lobsan Gyatso)
Нүүдэл (Migration)
2006 оноос эхлэн тус хамтлаг монгол хэл дээр бүтээл туурвиж, ардын урлагийг этник хөгжмийн урсгалтай хослуулж, барууны сонгодог хөгжмийн элементүүдийг нэвтрүүлэн өвөрмөц өнгө төрхөө бүрдүүлж чадсан. Тэд Тайванийн XIX болон XXIII удаагийн хөгжмийн наадамд “Алтан шагнал” хүртсэн бөгөөд “Тив алсалсан дуу” төрлөөр шилдгээр шалгарч байв.
“Дахин амилалт”
Сэмхэн мэгшлээ гээд чи юу олох вэ
Сэтгэлийн тэнгэрийг харанхуй нөмрөхгүй
Харц чинь сүүмийж гунигийн үүл тогтлоо ч
Хайр гэгч цөхрөл дундаас дахин амилна
Ер бусын амгалан тэнгэрийг ширтээч
Ертөнц бидэнд алгаа дэлгэхгүй бол
Ганцаардсан оддын үзэсгэлэнг тэврээч
Гагц цөхрөл дундаас хайр дахин амилна