Нүүр хуудас Театр“Монгол хаан” жүжиг мэргэжлийн театруудын амьсгалыг боогдуулж байна уу?

“Монгол хаан” жүжиг мэргэжлийн театруудын амьсгалыг боогдуулж байна уу?

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Монголын нэрт зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг шинэчилсэн найруулгаар “Монгол хаан” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болгосон нь тайзны урлагийн дотоодод чимээгүй мөргөлдөөн үүсгээд байна. Энэхүү жүжгийг “Херо” энтертайнментын найруулагч Б.Баатар найруулсан бөгөөд төр, үндэстнээ сурталчлах уриатайгаар хүчтэй PR хийгдэж байгаа ч урлагийн мэргэжлийн институциудад үлдээж буй “гүн шарх” нь олон нийтийн анхааралд өртөж эхэлжээ.

Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр зэрэг гол тайзууд өнөөдөр “Монгол хаан”-ы тоглолтоос шалтгаалан уран бүтээлчгүй, тайзгүй, үзэгчгүй шахам байдалд орсныг салбарын уран бүтээлчид хэлж байна. Ярих гээд ч дуугарч чадахгүй, “дээрээс нь дарамт ирдэг” гэх яриа ч дундраагүй байна.

2022 онд “Тамгагүй төр” УДЭТ-ын тайзнаа 117 удаа тоглогдож, 40 мянга гаруй үзэгчтэй, 4.2 тэрбум төгрөгийн орлого олсон нь драмын урлагийн босгыг огцом өндөрсгөсөн амжилт байлаа. Харин өнөөдөр “Монгол хаан” жүжгийн тоглолтын төлөө Үндэсний урлагийн их театрын бүжигчдийн 40 хувь буюу 20 гаруй хүн үндсэн ажлаа орхижээ. Түүнчлэн тус жүжигт Улсын драмын театрын гол жүжигчид татагдан оролцож байгаа нь өөрсдийн театрын уран бүтээлийн тасралтгүй үргэлжлэх хуваарьт сүүдэр унагааж эхэлсэн байна.

Цаашлаад “Монгол хаан” Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдож эхэлснээр Үндэсний урлагийн их театр өөрийн гэсэн байршилгүй, “нүүдлийн театр” мэт хувирч, 2023 онд Дуурь бүжгийн театрт, 2024 онд Хүүхдийн ордонд, «Түмэн эх» чуулгын уран бүтээлчидтэй тайз хуваалцаж тоглож байв.

Үүнээс гадна зуны улиралд жуулчдад зориулдаг үндэсний урлагийн тоглолтуудын хуваарь алдагдаж, жуулчдын тасалбарын борлуулалт мэдэгдэхүйц буурсан байна. Жишээ нь, 2024 оны тоглолтуудыг зургадугаар сарын 1-нээс эхлүүлэх байсан ч “Монгол хаан” жүжгийн хуваарьтай давхацсанаар энэ тоглолтыг зургадугаар сарын 9 хүртэл хойшлуулжээ.

Жүжгийн хувцас загвар нь археологийн олдвор дээр үндэслэсэн, 2 цаг гаруй үргэлжилдэг бөгөөд уг бүтээл нь “Тамгагүй төр” зохиолоос сэдэвлэгдсэн. Гэвч асар их хөрөнгө, хүчээр бүтсэн “Монгол хаан” жүжгийн дарамт дор мэргэжлийн театруудын үндсэн үйл ажиллагаа хязгаарлагдаж, цөөн төслийн сүүдэрт урлагийн олон салаа мөчир нар салхинд гандсаар байгаа нь бодох л асуудал болоод байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх