Улаанбаатарын Эрдэм их сургууль болон Хүүхдийн урлан бүтээх төв хамтран Монгол, Япон хоёр улсын хамтарсан соёлын фестивалийг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд Япон улсаас дүрслэх урлаг, соёлын чиглэлээр ажилладаг 11 уран бүтээлч хүрэлцэн ирж, хүүхэд багачуудад зориулсан соёлын олон сонирхолтой хөтөлбөрүүдийг толилуулах юм. Фестивалийг энэ сарын 13-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Фестивалийн гол үйл ажиллагаа:
- Япон уран бүтээлчдийн дуу, бүжгийн үзүүлбэр
- Япон ханз болон монгол уран бичлэгийн үзүүлбэр
- Япон соёл, зан заншил, хоолны соёл, хөдөө аж ахуйн тухай илтгэл
- Соёлын сүүлийн бүтээлүүд, аялал жуулчлалын тухай илтгэлүүд
- Монгол гэрийн онцлог, барих ёсны танилцуулга
- Орос оюутнуудын дуу, хөгжим, бүжгийн тоглолт
- Хувцас загварын үзүүлбэр болон япон үндэсний кимоно өмсөх аргачлал
- Багш, сургагчдын уран бүтээлийн үзэсгэлэн
Энэхүү фестиваль нь “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн 2025–2026 оны хичээлийн жилийн нээлтийн өдөртэй давхцаж байгаа бөгөөд уг төв энэ жил 16 төрлийн 24 дугуйланд нийт 2000 хүүхдийг үнэ төлбөргүй хамруулах зорилт тавьжээ.
Фестивалийн хамтрагчид болох “Sunrise”, “Futaba” япон хэлний сургалтын төвүүд, япон уран бүтээлчид болон илтгэгчид оролцох нь Монгол–Японы соёлын харилцааг шинэ шатанд гаргах алхам болохыг зохион байгуулагчид онцолж байна.