АНУ-ын “NBCUniversal Studio Group”-ийн охин компани болох “Universal International Studios”-ийн харьяа “NBCUniversal Formats” байгууллага Монголын “Central TV” телевизтэй хамтран нэрт «The Tonight Show» шоуг Монгол Улсад албан ёсоор хүргэхээ зарлалаа.
Энэ нь тус форматын хувьд анх удаа АНУ-аас гадуур хэрэгжиж буй олон улсын албан ёсны хувилбар бөгөөд Азид хамгийн анх Монгол Улсад хүрч байгаагаараа түүхэн ач холбогдолтой.
Монголын үзэгчдэд зориулсан энэхүү хувилбар шинэ найруулга, шинэ өнгө төрхөөр хийгдэж, соёл, үнэт зүйлд нийцсэн хэлбэрээр бүтээхээр төлөвлөгдөж байна. Шоуны хөтлөгчөөр олон улсын форматын туршлагатай Г.Анхбаяр ажиллах бөгөөд тэрбээр “The Voice of Mongolia”, “Mongolia’s Got Talent”, “The Masked Singer Mongolia”, “That’s My Jam Mongolia” зэрэг шоуны хөтлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.
Тус цуврал нийт 20 ангитай байх ба 2025 оны эцсээр “Central TV”-ээр долоо хоног бүр, 60 минутын турш үзэгчдэд хүрэх юм.
“The Tonight Show”-ийн тухай сонирхолтой баримтууд
- АНУ-аас гадуур хийгдэж буй анхны хувилбар: Хэдийгээр өөр улс орнуудад late-night төрлийн шоу хийгддэг ч “NBCUniversal Formats”-аас албан ёсоор лиценз олгосон нь анх удаа тохиож буй хэрэг юм. Монголын “Central TV” энэхүү эрхийг авсан нь дэлхийд ховор тохиолдох амжилт боллоо.
- Телевизийн түүхэн дэх хамгийн урт настай шоу: “The Tonight Show” нь 1954 оноос NBC сувгаар гарч эхэлсэн бөгөөд өдгөө 70 гаруй жилийн турш тасралтгүй цацагдаж байгаа нь АНУ-ын телевизийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн late-night шоу юм.
- Дэлхийн алдарт хөтлөгчдийн эхлэл болсон тайз: Шоуны гол дүрд Жонни Карсон (1962–1992), Жей Лено (1992–2009, 2010–2014), Конан О’Брайен (2009–2010), Жимми Фэллон (2014 оноос хойш) зэрэг Америкийн шилдэг комедианууд ажиллаж ирсэн. Тэдний дундаас Жонни Карсоныг шоуны дүр төрхийг бий болгож, оройн цагийн телевизийн стандартыг тогтоосон хүн гэж үздэг.
- Олны танил, нөлөө бүхий зочдын индэр: “The Tonight Show”-ийн тайзнаа АНУ-ын ерөнхийлөгчдөөс эхлэн Холливүүдийн алдартнууд, дэлхийн хэмжээний дуучид, эрдэмтэд, тамирчид гээд олон салбарын нөлөө бүхий хүмүүс оролцож ирсэн нь уг шоуг нэр хүндтэй платформ болгосон.