Монголын үндэсний кино урлагийн зөвлөл болон “Кино гүүр хөгжлийн холбоо” төрийн бус байгууллага хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг 2025 оны зургаадугаар сарын 27-ноос долдугаар сарын 2-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ наадам нь Монголын кино урлагийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр дахь удаагаа болж байна.
Тус кино наадам нь Монголын кино үйлдвэрлэлийн олон улсын жишигт нийцэх хөгжлийг дэмжих, гадаадын уран бүтээлчидтэй харилцаа тогтоох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. “Хархорум” наадам жил бүр өөрийн гэсэн өвөрмөц сэдвийг онцолж, сүүлийн хоёр жилийн хугацаанд бүтээгдсэн уран сайхны болон баримтат кинонуудыг сонгон оролцуулдаг. Уралдаант хэсэгт гурван төрөлд буюу шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагналуудын төлөө өрсөлдөх юм.
Наадмыг Монголын шилдэг уран бүтээлээр нээх бөгөөд уралдаант хэсэг, уралдаант бус үзвэрүүд, чадавхжуулалтын хөтөлбөр, кино үзүүлбэр зэрэг өргөн цар хүрээтэй хөтөлбөрүүд багтсан байна.
Энэ жилийн хувьд найман улсын 23 кино үзэгчдийн хүртээл болох бол уралдаант хэсэгт Америк, Франц, Итали, Өмнөд Солонгос, Япон, Вьетнам зэрэг долоон орны 13 уран бүтээл өрсөлдөхөөр шалгарчээ.
Наадмын хөтөлбөрийг Н.Цогтбаяр, Мариа Разакамболи, С.Бямбацэрэн нар боловсруулсан бол шүүгчдийн бүрэлдэхүүнд Оскарын шагналт продюсер Марк Баше, кино куратор Николай Никитин, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, кино шүүмжлэгч Б.Амарсанаа нар ажиллаж байна.
Мөн олон улсын зочдоор найруулагч Кристина Ашенбреннерова, продюсер Тиен А Фам, Микеланджело Масанкай, Сьюзан Тран, Фредерик Брэндс, зохиолч, найруулагч Кристиано Бортоне нар ирэх бөгөөд кино урлагийн мэргэжилтнүүд, үзэгчдэд зориулсан сургалт, мастер класс, уулзалт, зөвлөгөөнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь Монголын кино уран бүтээлчид дэлхийн хэмжээний найруулагч, продюсеруудтай харилцан туршлага солилцох ховор боломжийг бүрдүүлж өгч буй юм.