БНСУ-ын дэлгэцийн уран бүтээлийн 61 дэх удаагийн “Baeksang Arts Awards” шагнал гардуулах ёслол өнөөдөр Сөүл хотод болж өндөрлөлөө. Тус ёслолын хамгийн өндөр шагналыг найруулагч Ү Мин Хогийн бүтээсэн “Харбин” кино хүртэж, “Шилдэг кино” хэмээх нэр хүндтэй шагналыг гардан авсан юм.
Энэхүү киноны зарим зураг авалтыг 2022 оны арваннэгдүгээр сард Монголд, Өмнөговь аймагт хийсэн бөгөөд Монголын байгалийн гайхамшигт газар нутаг нь киноны уур амьсгалыг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. “Харбин” кино нь 1909 оны Хятадын Харбин хотыг дүрсэлсэн бөгөөд Японы колончлолын үед Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн, түүхэнд алдартай болсон Ан Жунгён (1879-1910)-ы амьдрал, түүний түүхэн үйл явдлуудыг харуулж байна. Тус кино нь үзэгчдэд түүхийн хүнд хэцүү цаг үе, зоригт тэмцэгчдийн түүхийг уран сайхнаар өгүүлж, түүхийн үнэнч дүрслэлийг үзүүлсэн гэж үнэлэгдэж байгаа юм.