Netflix-ийн алдарт реалити шоу “Physical: Asia”-гийн шилдэг дөрвөн баг өчигдөр тодорлоо.
Монголын баг анх удаа тивийн хэмжээний шоуны шилдэг дөрөвт үлдэв
Өнгөрсөн сарын 28-нд найман багийн өрсөлдөөнөөр эхэлсэн тус шоунаас БНСУ, Япон, Монгол, Австрали гэсэн дөрвөн улсын төлөөллүүд ур чадвар, хүч чадал, ухаан самбаагаараа ялгарч шилдэг дөрөвт үлдсэн байна.
Тавдугаар даалгаварт Японы баг тэргүүлж, үлдсэн гурван баг “Үхлийн тулаан”-д өрсөлдөхөөр болсон бөгөөд финалын шатны 10–12 дугаар бүлгүүдийг энэ сарын 18-нд цацна.
Ялагч нэг тэрбум вон хожино
Тус шоуны зохион байгуулагчдын мэдээлснээр, “Physical: Asia” шоуны ялагч багийг нэг тэрбум вон буюу ойролцоогоор 1.1 сая ам.доллараар шагнах аж.
Netflix-ийн амжилтын жагсаалтад дээгүүрт
“Physical: Asia” нээлтээ хийснээс хойш Азийн орнуудад үзэлтээрээ рекорд тогтоож байна.
- 2025 оны 11-р сарын 5-ны байдлаар шоуг нийт 5.2 сая удаа үзжээ.
- Netflix-ийн “Non-English” буюу англи хэл дээр бус контентын ангилалд гуравдугаарт бичигдэж,
- 44 улсын шилдэг 10 жагсаалтад, түүний дотор найман улсад нэгдүгээр байрт орсон байна.
Монголын багийн онцгой оролцоо
Монгол Улс анх удаа ийм төрлийн олон улсын бодит шоу тэмцээнд баг бүрдүүлэн оролцож байгаа бөгөөд багийн гишүүдийн бие бялдар, сэтгэл зүй, авхаалж самбаа, тэсвэр хатуужил дэлхий даяар өндөр үнэлэгдэж байна.
