АНУ-д төвтэй “Reuters” агентлагийн сэтгүүлч Д.Дэлгэрзаяагийн найруулсан “Хүслийн хязгаар” (“Herders at the Edge”) нэртэй богино хэмжээний баримтат кино уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том кино наадам болох “Climate Film Festival”-д шалгаран оролцохоор болжээ. Уг наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн 450 гаруй бүтээл өрсөлдсөн байна.
“Хүслийн хязгаар” кинонд Монголын хөдөөгийн малчин өрхүүд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг хэрхэн биеэр мэдэрч, дасан зохицож буйг Б.Амарсайхан, Б.Жанцанноров, Л.Мөнхтуяа нарын амьдралын жишээгээр харуулжээ. Тэдний амьдралын түүх, өдөр тутмын ахуй байдлыг кино зураглаачаар З.Содбилэг, эвлүүлэгчээр Б.Амартүвшин, хөгжмийн зохиолчоор А.Хаш-Эрдэнэ, туслах зураглаачаар Б.Шинэгэрэл, дууны инженерээр Г.Батмөнх, өнгө тавигчаар Б.Ариунболд нар тус тус ажиллан дэлгэцэнд амилуулсан байна.
Уг бүтээл нь ирэх есдүгээр сард Нью-Йорк хотын театрын дэлгэцнээ албан ёсоор гарч, үзэгчдийн хүртээл болохоор төлөвлөгдөөд байна. Мөн “30 хүртэлх насны шилдэг найруулагч” төрөлд нэр дэвшиж, олон улсын хэмжээнд залуу уран бүтээлчийн ур чадварыг үнэлүүлж буй онцлох бүтээл болжээ.
Үүнээс өмнө “Хүслийн хязгаар” киног медиа салбарын “The Media Show 2024” арга хэмжээнд нээлтийн гол бүтээлээр урьж, Улаанбаатар хотод үзэгчдэд толилуулж байсныг онцлох нь зүйтэй.