ОХУ-ын Саратов хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын циркийн эмэгтэйчүүдийн уралдаанд оролцсон Монголын циркчид “Мөнгөн титэм”-ийн эзэн болж, эх орондоо амжилттай эргэн иржээ.
Тодруулбал, энэхүү уралдаанд агаарын үзүүлбэрээр оролцсон циркийн жүжигчин Д.Азжаргал, Б.Батчимэг нар өндөр амжилт үзүүлж, “Мөнгөн титэм” шагналын эзэн болсон байна. Энэ нь 11 дэх удаагийн тэмцээн байсан бөгөөд нийт 17 орны эмэгтэй уран бүтээлчид оролцсон өрсөлдөөнт уралдаан болсон юм. Мөн тэмцээнд Монгол Улсын циркийн мэргэжилтэн Т.Буд шүүгчээр ажилласан байна.
Тэмцээний гранпри шагналыг оросын уран бүтээлчид, харин мөнгө, хүрэл цомыг Монгол болон Америкийн багууд хүртжээ. Монголын циркийн уран бүтээлчид 2025 он гарснаас хойш олон улсын дөрвөн өөр тэмцээнд амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна.
Мөн энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойд зориулсан “Улаанбаатар хотын циркийн өдрүүд 2025” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсан бөгөөд нийт 21 тоглолтыг 28 мянга орчим хүн үзэж сонирхсон нь циркийн урлагийн хөгжлийг илтгэх нэгэн үзүүлэлт болж байна.
