Дэлхийн сонгодог урлагийн оргил бүтээлүүдийн нэг болох П.И.Чайковскийн “Хунт нуур” балет Монголын тайзнаа анх тоглогдсоноос хойш хагас зуун жилийг ардаа орхижээ. Түүхэн энэ үйл явдал 1975 оны зургаадугаар сарын 28-нд болсон бөгөөд тус балетыг Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар балетмейстер Б.Жамъяндагва дэглэн найруулж, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Чулуун ажиллаж байв. Тайзнаа анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг Э.Оюунбат, Ротбардын дүрийг Гавьяат жүжигчин Н.Баатар, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар амилуулж байсан нь Монголын бүжгийн урлагийн түүхэнд тод мөр үлдээсэн байдаг.
Монголын дуурь бүжгийн эрдмийн театр 60 жилийн ойн хүрээндээ 2023 онд “Хунт нуур” балетыг анх удаа 32 хунтайгаар тайзнаа толилуулж, үзэгчдийн талархлыг хүлээсэн. Харин энэ түүхэн бүтээлийн 50 жилийн ойд зориулан ОХУ-ын Буриадын театрын 60 гаруй уран бүтээлчтэй хамтран дахин 32 хунтайгаар зургаадугаар сарын 27, 28-нд тоглохоор бэлтгэл ажилдаа аль хэдийн оржээ.
“Хунт нуур” балетын үйл явдал гурван бүлэг, дөрвөн үзэгдлээс бүрдэх бөгөөд ханхүү Зигфрид, хорон санаат Ротбартын шидэнд хун болон хувирсан Одеттагийн гунигт хувь тавилан, төгсгөлгүй хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Эхний бүлэгт ханхүүгийн насанд хүрсэн баярыг дүрслэх бол, хоёрдугаар бүлэгт Зигфрид ан хийж яваад Одеттатай учирч, түүний хараалын тухай мэддэг. Гуравдугаар бүлэгт Ротбарт охин Оделлияг Одеттагийн дүрд хувирган ханхүүг төөрөгдүүлдэг бол, төгсгөлийн бүлэгт хоёр дурлалт хүн үхэл, зовлонгийн дунд ч үнэнч хайраараа ялж буйг харуулдаг. Энэхүү бүтээл нь төгс төгөлдөр хореограф, гайхамшигт хөгжим, гүн утга агуулгаараа дэлхий нийтийн хайр хүндэтгэлийг хүлээсээр ирсэн.
50 жилийн түүхт ойг тохиолдуулан дахин амилуулах гэж буй энэ бүтээл нь Монголын сонгодог урлагийн шат ахисан хөгжил, үе үеийн уран бүтээлчдийн авьяас, зүтгэлийн илэрхийлэл болж үлдэх нь дамжиггүй.
2 сэтгэгдэлүүд
Энэ бол жинхэнэ соёлын өв, 50 жил бол үнэхээр гайхалтай
Ийм үйл явдлуудыг дурсан санаж, тэмдэглэдэг нь үнэхээр сайхан