Япон улсын Шизүока мужийн Яйзү хотоос ирсэн дунд сургуулийн сурагчдын дунд өнгөрсөн тавдугаар сард “Монголын тухай” сэдэвт гар зургийн уралдаан анх удаа зохион байгуулагдсан бөгөөд шилдгээр шалгарсан 10 сурагч Монгол Улсад аялах эрхээр шагнагджээ.
Энэхүү уралдаанд тус хотын сурагчид идэвхтэй оролцсон бөгөөд сонгогдсон 10 хүүхэд наймдугаар сарын 4-9-ний хооронд Монголд аялж байна.
Аяллын хүрээнд япон сурагчид нийслэлийн 149 дүгээр сургууль дээр өөрсдийн бүтээлүүдийг танилцуулж, зургаа тайлбарлан, монгол сурагчидтай нэг өдрийг хамт өнгөрүүлсэн юм. Түүнчлэн тэд Монгол бичиг, уламжлалт өв соёл, монгол шагай болон наадгайгаар тоглож, манай ард түмний түүх, соёлын талаар мэдлэгээ гүнзгийрүүлж байна.
Энэхүү аялал нь хоёр орны хүүхдүүдийн хоорондын харилцаа, соёлын солилцоог дэмжих чухал үйл ажиллагааны нэг хэсэг болж байна.