Нүүр хуудас Кино“Моторын дуунаас Аман хуур хүртэл” – Монгол киноны 90 жилийн ойд зориулсан жазз тоглолт болно

“Моторын дуунаас Аман хуур хүртэл” – Монгол киноны 90 жилийн ойд зориулсан жазз тоглолт болно

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Кино урлагийн хөгжлийн 90 жилийн ойг жазз аялгуугаар тэмдэглэнэ

1935 оны 10-р сарын 11-нд Ардын сайд нарын зөвлөлийн 32 дугаар тогтоолоор Улсын кино зургийн хороо байгуулагдаж, түүний харьяанд анхны кино үйлдвэрийн газар нээгдсэн нь Монголын кино урлагийн үндэс суурь тавигдсан түүхэн өдөр билээ. Энэ цагаас хойш Монголын кино урлаг уран бүтээл, дүр төрх, хөгжмийн хэлээр дамжуулан ард түмний сэтгэл зүрхэнд хоногшиж ирсэн юм.

Кино урлагийн гол чимэг бол дуу хөгжим. Тухайн уран бүтээлийн уур амьсгалыг бүрдүүлж, өгүүлэмжийн гүн гүнзгий сэтгэл хөдлөлийг үзэгчдэд хүргэхэд хөгжим асар их үүрэгтэй байдаг. Монгол киноны дуу хөгжим ч үүнийг олон арван жилийн турш нотлон харуулсаар ирсэн.

«Movie Swing» жазз тоглолт тун удахгүй

Монгол кино урлаг үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Филармонийн “Төрийн соёрхолт” Баянмонгол биг бэнд, дуучин Наагий болон Оюу нарын хамт “Movie Swing” нэртэй тусгай тоглолтоо зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолт 2025 оны 9-р сарын 26, 27-нд 19:00 цагаас Улсын Филармонийн Концертын танхимд болно.

Тоглолтын гол онцлог нь Монгол киноны сонгодог дуу, хөгжимүүдийг жазз чиглэлд шинэ найруулгаар хөрвүүлж, орчин үеийн уран сайхны хэлбэрээр дахин амилуулж буй явдал юм. Үзэгч, сонсогчид “Нандин эрдэнэ”, “Энэ хүүхнүүд үү”, “Санаж яваарай”, “Ховор хүмүүс”, “Моторын дуу”, “Түмний нэг”, “Аман хуур”, “Эргүүлэг”, “Чимгээгийн төрсөн өдөр” зэрэг дурсамж сэргээм киноны хөгжмийг шинэлэг уран бүтээл болгон дахин мэдрэх боломжтой.

Үндэсний өв соёлыг шинэ хэлбэрээр мэдрэх онцгой боломж

Энэ тоглолт нь зөвхөн соёл, урлагийн арга хэмжээ биш, харин үндэсний кино урлагийн хөгжимд хүндэтгэл үзүүлж, түүнийг шинэчлэн амилуулах уран бүтээлийн чухал алхам юм. Жазз хэв маягт нийцүүлсэн шинэ найруулгууд нь үзэгчдэд танил аялгууг огт өөр мэдрэмжээр хүргэж, кино урлагийн үнэт өвийг орчин цагийн уур амьсгалтай хослуулах хосгүй туршлага болж өгнө.

Тасалбар: Ticket.mn болон Улсын Филармонийн кассаар худалдаалж байна.
Лавлах утас: 70118012, 88003041

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх