МУГЖ О.Бат-Өлзий “Гарц” киноны хоёрдугаар бүлэгт бодсоноо хэрэгжүүлж, зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй харгис нэгний дүрийг бүтээжээ. Түүний харц, нүүрний хувирал, хөдөлгөөн, хүйтэн инээд нь гэр бүл, ойр дотны хэн ч байсан хайр найргүй хөнөөхөөс буцахгүйг харуулдаг. Үзэгчдийн хувьд эерэг дүрээр нь илүүтэй мэддэг жүжигчин энэ удаад найруулагч Ж.Саруулбуяны урилгаар эсрэг дүр бүтээсэн нь онцгой бэлэг болсон юм.
Өндөр нуруутай, буржгар үстэй О.Бат-Өлзийг үзэгчид “Гарын таван хуруу” кинонд хүнлэг, дотно дүр бүтээснээр, харин “Нандин эрдэнэ”-д шунахай нэгний дүрээр нь танина. Хөдөөгийн айлын найран дээр хөгжилтэйгээр төрсөн өдрийн дуу дуулж байсан тэр дүрээсээ огцом хувирч, хадам ээжийнхээ орны дэргэд үнэт эдлэлд шунасан нэгний дүрийг чадварлагаар гаргажээ. Аль ч дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон тэрээр өдгөө эцэг, ах, найзын төлөөлөл болсон эерэг дүрүүдийг бүтээсээр байна.
О.Бат-Өлзий зөвхөн жүжигчин төдийгүй найруулагчаар олон бүтээл туурвисан. Хүүгийнхээ найруулсан кинонд ч тоглон, туршлагаа хуваалцаж буй азтай аав. Харин түүний гэргий, Ардын жүжигчин С.Сарантуяа “Цэц магнай”-гаас эхлэн “Анна Каренина”-гийн Варяг хүртэл олон дүрээрээ үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч. Хосуудын танилцах түүх ч онцгой: Бат-Өлзий цэргийн албанд байхдаа сониноос С.Сарантуяагийн зургийг хараад, нөхөддөө “Ирээдүйн гэргий минь” гэж танилцуулсан гэдэг.
О.Бат-Өлзийн аав МУГЖ У.Осор “Тунгалаг тамир”-ын Даржаа баатар, “Сэрэлт”-ийн сумын дарга зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон дүрүүдээрээ алдаршсан уран бүтээлч байлаа. Таван охин, таван хүүтэй түүний гэр бүлээс урлаг, шинжлэх ухаан, спорт, гар урлалын олон мэргэжилтэн төржээ. Эхнэр нь хүүхдүүдийнхээ сэтгэлийг номоор тэжээж, эрдэм мэдлэгт дуртай болгохын тулд цалингаа сонин, сэтгүүлд зориулан захиалдаг байсан нь өнөөдрийн бүтээлч, авьяаслаг үеийг төлөвшүүлсэн суурь болжээ.
Бат-Өлзий багаасаа аавыгаа дагаж Монгол кино үйлдвэрийн уран бүтээлчдийн дунд өссөнөөр урлагт татагджээ. Арван жилээ төгсөөд жүжигчний ангид шалгалт өгч эхний шатанд тэнцсэн ч сүүлд нь амжилт олоогүй тул цэргийн алба хаасан байна. Албанаас ирсний дараа Хүүхэд залуучуудын театрт Ардын жүжигчин А.Очирбатын шавь болж, улмаар мэргэжлийн жүжигчин болжээ. Ингээд тэрээр “Зүрхэнд шивнэсэн үг”, “Ноён солиот”, “Нар сарны зааг”, “Өв залгамжлагчид” зэрэг олон бүтээлийг найруулж, Монголын тайз, дэлгэцийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан байна.