Японы алдарт зохиолч Мүраками Харүкигийн уран бүтээлд дурлагч уншигчдад зориулсан өвөрмөц эвент энэ сарын 14-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Түүний зохиолуудад байнга давтагддаг нэг онцлог бол хөгжим бөгөөд тэрээр классикаас эхлээд жазз, блюз, рок зэрэг хөгжмийн өргөн мэдлэгээ бүтээлүүддээ шингээж, уран зохиол болон хөгжмийг нэгэн утга агуулгатай сүлэлдүүлдэг. Тиймээс Харүкигийн бүтээлүүдийг шимтэн уншигчид дурдсан хөгжмүүдээр нь Playlist бүрдүүлж, бүтээлийн утга санааг илүү гүнзгий мэдэрдэг уламжлал бий.
Энэ удаагийн тоглолтод Харүкигийн романууд болон өгүүллэгүүдэд онцгой байр суурь эзэлдэг жазз бүтээлүүд амьд хөгжимтэйгээр эгшиглэх юм. Уран бүтээлчийн “Норвегийн ой”, “Эрэг дээрх Кафка”, “1Q84”, “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд”, “Хот ба түүний хийсгэлэн хана”, “Торгон цэргийн хороон даргын аллага”, “Нэгдүгээр биеийн ганц тоо” зэрэг зохиолуудад тусгалаа олсон алдартай жазз дуунуудыг Монголын “Solongo’s Jazz Band” тайзнаа толилуулна.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Монгол-Японы утга зохиолын нийгэмлэг ажиллаж байгаа бөгөөд тэд өмнө нь Монгол Улсын Филармонитой хамтран Харүкигийн зохиолд багтсан сонгодог хөгжмүүдээр “Classic Night” нэртэй тоглолт хийж байсан туршлагатай. Энэ удаад хөгжмийн хэлээр уран зохиолыг тайлбарлаж, уншигч, сонсогчдыг нэгэн цэгт нэгтгэсэн сэтгэл татам үдшийг санал болгож байна.
Тоглолт 2025 оны зургадугаар сарын 14-ний Бямба гарагт 18:00 цагаас River Sounds клубт болно. Тасалбарын худалдаа цахимаар явагдаж байгаа бөгөөд хөгжмийг “уншиж”, уран зохиолыг “сонсох” мэдрэмжийг биеэрээ мэдрэхийг хүссэн хүн бүрт нээлттэй юм.