Найман орны шилдэг тамирчид хүч чадлын тулаанд өрсөлдөнө
Дэлхий даяар алдаршсан “Netflix”-ийн “Physical: 100” шоуны шинэ хувилбар болох “Physical: Asia” удахгүй үзэгчдийн хүртээл болно. Энэхүү төслийг найруулагч Чан Хо Ги “Нэтфликсийн Олимп” хэмээн тодорхойлсон бөгөөд шоуны нээлтийн хэвлэлийн бага хурал Сөүл хотод болж өнгөрчээ.
Шинэ цувралд Өмнөд Солонгос, Япон, Тайланд, Монгол, Турк, Индонез, Австрали, Филиппин гэсэн найман улсын багууд оролцох бөгөөд улс бүр зургаан тамирчнаар бүрдэж байна. Оролцогчдыг сонгохдоо тухайн орны спортын сонирхол, биеийн хүчний уламжлал, үндэсний онцлогийг харгалзан үзжээ.
Найруулагч Чан хэлэхдээ, “Энэ бол өмнө нь Солонгосын телевизэд хэзээ ч хийгдээгүй хэмжээний, хүч чадал, сэтгэл зүй, багаар ажиллах чадварыг шалгах шоу болно. Үзэгчид урьд өмнө харж байгаагүй шинэ дүрүүдтэй учрах болно” гэжээ.
Нэг тэрбум воны шагналын төлөөх өрсөлдөөн
“Physical: Asia” шоуны ялагч нэг тэрбум вон (ойролцоогоор $696,000) хүртэх бөгөөд энэ нь Нэтфликсийн бодит өрсөлдөөнт шоуны түүхэн дэх хамгийн өндөр шагналуудын нэг юм. Гэвч найруулагчийн хэлснээр, оролцогчдын гол зорилго нь мөнгө бус, эх орныхоо нэрийг өндөрт өргөх явдал ажээ.
Өмнөх “Physical: 100” болон “Physical: 100 Season 2 – Underground” шоу нь зөвхөн Өмнөд Солонгосын шилдэг 100 тамирчны өрсөлдөөнөөр дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж байсан бол, энэ удаа тив дамнасан тэмцээн болж өргөжжээ.
Шинэ шоуны нээлт ирэх долоо хоногийн мягмар гарагт болох бөгөөд хүч чадал, зориг, тэсвэр хатуужлын жинхэнэ тулаан эхэлнэ.